Б.ИЧИНХОРЛОО: Сүүн шүд ямар байна ясан шүд яг тэгж шүдэлдэг. Сүүн шүдийг хамгийн их арчлах хэрэгтэй
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн шүдний эмч Б.Ичинхорлоотой ярилцаж, хүүхдийн шүдний өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар тодруулга авлаа.
Тэрээр "Сүүн шүд ямар байна ясан шүд яг тэгж шүдэлдэг. Сүүн шүдийг хамгийн их арчлах хэрэгтэй. Гурван наснаас дээш насны хүүхдүүдэд зажлууртай хоол хүнсийг өгөх, ааруул сайн мэрүүлэх, мах сайн зулгааглаж идүүлснээр хүүхдийн байнгын шүдний өсөлтийг дэмжиж, зөв эгнээтэй шүд ургах үндэс болдог.
Хүүхэд хэзээ өвдөж байна гэж хэлнэ яг тэр үед нь л шүд өвдлөө гэж ирдэг. Тэр үед хэдийн оройтсон байдаг.
Хүүхдийн шүд өвдөх нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Үүнд чихэртэй бүтээгдэхүүн хэт их хэрэглэх, шүдээ сайн угаахгүй байх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байх зэргээс үүдэж байна.
Хүүхдийн шүд цухуйсан цагаас эхлээд л эцэг эхчүүд шүд, амны хөндийн эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. Хүүхэд хоёр нас хүртэл нь эцэг, эхчүүд өөрсдөө гардаж хүүхдийн шүд, амны хөндийг цэвэрлэх хэрэгтэй. Гурван наснаас нь эхэлж хүүхэд өөрөө шүдээ угаах дадлыг нь суулгаж өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ үед ч мөн хянаад л явах хэрэгтэй.
0-2 насны хүүхэд шүлсээ хаяж чадахгүй залгичихдаг учраас фтортой оогоор шүдийг нь угаалгаж болохгүй. Нас насанд тохирсон шүдний оо байдаг учир нь ердөө л энэ.
Шүд угаахдаа өглөө цайгаа уусны дараа шүдээ угаах хэрэгтэй. Орой унтахын өмнө шүдээ угаачихаад юм идэж болохгүй. Хоол идсэний дараа шүдээ усаар зайлах ёстой байдаг.
Сүүн шүд нь хоорондоо зайтай байх нь элбэг. Тиймээс хоол идэх явцад хоолны үлдэгдэл орж, сүүн шүдний завсрын цоорол үүсэх нь элбэг. Үүнээс гадна угжны цоорол буюу хөхний сүүний цоорол мөн их байна. Хөхний сүү нь хүчиллэг, чихэрлэг учраас шөнө их хөх идвэл шүдний эрдэсжилт багасч, цоордог. Тийм учраас хүүхэд бор хоолонд орсон үед буюу 6 сараас эхлэн шөнийн хөхөлтийг багасгах хэрэгтэй.
Үүнээс гадна хооллолтонд анхаарах, оройн шүдний угаалтанд анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй." хэмээлээ.
ВИДЕО: