ХӨСҮТ: Талбарын тархвар судлалын хөтөлбөрт долоон мэргэжилтэн суралцаж байна
ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын сургалтын 14-р кохортын суралцагчдын судалгааны тайлан хамгаалалтын хурал амжилттай зохион байгуулагдлаа. 2023-2024 оны Талбарын тархвар судлалын хөтөлбөрт ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, Баян-Өлгий, Хэнтийн ЭМГ болон цагдан хорих 461-р ангийн 7 мэргэжилтэн суралцаж байна.
Талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр нь төгсөлтийн дараах төрөлжсөн нарийн мэргэшил олгох болон тархвар судлалын мэргэжил дээшлүүлэх сургалтаар ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэн, Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхийг зорьдог. Монгол улсад Талбарын тархвар судлал сургалтын 1 жилийн хөтөлбөрийг 2009 оноос ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын алба зохион байгуулагдаж, 13 удаагийн төгсөлтөөр 98 Талбарын тархвар судлаач бэлтгэгдсэн.
Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн, хууль эрхзүйн орчинг сайжруулах, халдварт болон халдварт бус өвчний хяналт, тандалт, сэргийлэлтийг эрчимжүүлэх, шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжихэд Талбарын тархвар судлаачдын үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна.