Осгосон ой 4 сартай хүүгийн амийг эмч нар АВАРЧ ЧАДЖЭЭ
Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
Тодруулбал, "Н" нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсаны улмаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олсон юм.
Хүүг Баянзүрх дүүргийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвд аваачихад хүү амьгүй, зүрх нь зогссон байдалтай байсныг тус төвийн Хүүхдийн тасгийн арав гаруй эмч сувилагч хоёр цаг гаруй ажиллаж байж хүүгийн амийг аварч чаджээ.
Баянзүрх дүүргийн хүүхдийн тасгийн эрхлэгч Бадамцэцэг энэ талаар “Хүүхэд зүрх нь зогссоноос гадна осголтын байдалтай ирсэн. Манай эмч нар сэргээх бүхий л арга хэмжээг авч ажилласнаар хоёр цагийн дараа ухаан орсон гэлээ. Хүү өлчир, бойжилт сайтай байсан тулдаа амьд гарч чадлаа. Хүүд тариа хийхэд судас нь олдохгүй тэр л маш хүнд байсан. Хүү сэрэнгүүтээ мөөмөө идье гэж гэсэн нь тэднийг ихэд баярлуулсан" гэлээ.
Ямартай ч, бяцхан хүү ус уух хувьтай байжээ. Өдгөө хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эх нялхсын эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.
Харин ээжид нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль нэгээр арга хэмжээ авна гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.