Сүрьеэ өвчнийг эрт илрүүлвэл эмчилгээний хугацаа богино байж болно. Гэхдээ эмээ заавал зургаан сар уух хэрэгтэй

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

"Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин" сэдвээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. 

Сүрьеэ өвчний эдгэрэх магадлал маш өндөр. Гэхдээ олон эмэнд дасалтай сүрьеэг эдгээхэд урт хугацаа шаарддаг тул өвчтөнүүд 9-24 сар эмчийн зөвлөсөн эмийг тогтмол уух шаардлагатай болдгийг ХӨСҮТ-ийн өдрийн эмчилгээний цэгийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Жамбалдорж хэлж байв.

Түүний үйлчлүүлэгч өөрт илэрсэн шинж тэмдэг ба эмчилгээнийхээ талаар дараах мэдээллийг хэлсэн юм. 

Үйлчлүүлэгч "Анх ажлаа хийж явахдаа маш их ядарч, хөлөрдөг байсан.  Чихрийн шижинтэй болохоор дэглэмээ алдаад л ядарч, хөлрөөд байна гэж тухайн үед бодсон. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд сүрьеэ өвчтэй болж, энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн эмчилгээгээ эхлүүлээд явж байна. Миний хувьд эмээ өдөр бүр эмнэлэг дээр ирж уудаг. Анх энэ өвчний оношийг сонсоод гайхсан. Тэгэхдээ одоо бол эмч нараас маш их мэдээллийг авсан болохоор эмчилгээгээ л тууштай хийхийг зорьж байна. 

6-9 сар, цаашилбал 18-24 сар өдөр болгон эм ууна гэдэг хүний тэсвэр шаардах асуудал. Гэхдээ эмээ сайн ууж тэвчээртэй байх нь хамгийн чухал. Нийгмийн амьдрал дунд орохдоо эхлээд их айдаг, эмээдэг байсан. Би хүмүүст халдвар тараачихвал яана гэж их болгоомжиолдог байсан. Одоо бол халдварлах үеэ өнгөрөөсөн болохоор амгалан байгаа." гэж хэллээ. 

Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний талаар ХӨСҮТ-ийн эмч Ц.Жамбалдоржийн өгсөн зөвлөгөөг хүргэе. 


Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнүүдийн хувьд эрт илрүүлж, оношилгоо хийж, эмчилгээндээ орвол удаан хугацаа шаардах ч гэсэн эдгэрэх магадлал өндөр. Бараг 80 гаруй хувьтай эдгэрч байна.

Дасалтай сүрьеэтэй өвчтөний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй. Хамгийн гол нь өвчтөнүүддээ "Эмчилгээний хугацаа удаан, энэ хооронд эмийг таслахгүй өдөр болгон ууна" гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 

Сар тутам ерөнхий болон хяналтын шинжилгээгээ хийлгэнэ. Тодруулбал

  • Гурван сар тутам рентген зураг авхуулж, уушгинд байгаа эмгэгийг хэмжээ нь ихсэж, эсхүл багасаж байна уу гэдгийг хянана. 
  • Цэрний шинжилгээг сар болгон авна. Улмаар микроскопоор харж оношилгоог хийдэг.
  • Мөн эмийн даслыг үзнэ.
  • Сүрьеэгийн үүсгэгч нь устсан эсэхийг давхар хянана.

- Өвчтөнүүд тогтсон цаг хугацаандаа эмээ уух нь хамгийн чухал алхам. Мөн хяналтын шинжилгээг хийлгэнэ. Биеийн байдал дээрдсэн бол есөн сарын дараа эмчилгээний хугацааг дуусгаж болно. Биеийн байдал сайжраагүй бол эмчилгээний хугацааг сунгаад 18-24 сар эмчилдэг.

Үүсэж байгаа сүрьеэгийн уушги хамарсан хэмжээ нь томорч, хөндий үүсчихсэн, сорвижсон бол богино хугацааны эмчилгээ байхгүй.

- Бага хэмжээнд нь эрт илрүүлчихвэл эмчилгээний хугацаа богино байж болно. Гэхдээ зургаан сар эмээ уух хэрэгтэй. Үүсгэгч нь үхсэн ч эмчилгээг товлосон хугацаандаа л хийнэ. 

Түүнээс биш шинж тэмдэггүй, зовуурьгүй болчихсон, биеийн жин нэмэгдсэн, хоол ундандаа сайжирсан одоо эдгэрчихлээ гээд хаяж болохгүй. Ингэх л юм бол эмэнд дасалтай сүрьеэ гараад ирж байгаа юм.

Дэглэм зөрчсөнөөс болоод эмэнд дасалтай сүрьеэ үүсэж байна. Тийм учраас хугацаагаа заавал дуусгаж, хяналттай байх нь зүйтэй.

- Сүрьеэ нь уушги гэмтээдэг болохоор уушгины бүх өвчний зовуурь илэрнэ. Гэхдээ сүрьеэгийн сонгомол шинж тэмдэг бий. 

  • Удаан хугацаагаар ханиалгах (14-21 хоног, цаашилбал хоёр гурван сар ханиалгаж цэр гардаг)
  • Үе үе халуурах
  • Турж эцэж, ядрах
  • Хоол унданд дургүй болох
  • Хөлрөх

Дээрх шинж тэмдэг танд илэрвэл сүрьеэ өвчтэй байж магадгүй учраас холбогдох шинжилгээг хийлгэх нь зүйтэй. 

Хамгийн түрүүнд цэрний шинжилгээг хийнэ. Ингэснээр сүрьеэгийн үүсгэгч байгаа эсэхийг мэдэх боломжтой. Мөн шаардлагатай бол бусад шинжилгээг хийлгүүлнэ. 

- Сүрьеэ өвчний үед уух эмийн тоо хэмжээ биеийн жингээс хамаарна. Жин багатай бол уудаг эм нь арай цөөн байна.

Жин ихтэй бол тоо нь нэмэгдээд л байдаг. Түүнээс биш төрлөөр буюу хөнгөн сүрьеэ учир хоёр эмээр эмчилье, хүнд сүрьеэ дөрвөн эмээр эмчилье гэдэг ойлголт байхгүй.

Хэрэв олон эмэнд дассан сүрьеэ үүссэн бол 9-24 сар эм ууна.

Олон нийтийн газраар зорчихдоо маск зүүх нь наад захын хамгаалах арга. Гэр орондоо агаарын сэлгэлт хийх хэрэгтэй. Цаг тутамд 10-15 минут салхивчаа онгойлгож, сүрьеэтэй хүнтэй хамт байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг зөвлөе. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655492
0 эможи

keyboard_arrow_up