Д.Довчинжамц: Шил зүүсэн ч хараа нэмж муудаад байвал ХАРАА ТЭГЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөдөг. Учир нь...
Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалттай холбоотойгоор "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр АШУҮИС-ийн Нүдний судлалын тасгийн эмч Д.Довчинжамц " Хараа тэглэх ажилбар буюу лазер мэс заслыг жилийн турш нэг шилээ тогтвортой зүүгээд хараа нь нэмж муудахгүй байгаа тохиолдолд хийхийг зөвлөдөг.
Харин хараа нь тогтоогүй буюу шил зүүсэн ч хараа нь нэмж муудаад байвал хараа тэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь хүний бие махбод зогсолтгүй өөрчлөгдөж байдагтай холбоотой.
Нэмж муудах асуудлууд цөөнгүй тохиолддог. " гэв.
Мөн тэрбээр "Хүүхдийн харах үйл ажиллагаа гурван нас хүртэл хөгжиж явагддаг.
Төрөлхийн нүдний өвчтэй, хялар тохиолдолд гурван наснаас өмнө шил зүүх шаардлагатай. Энэ үед нэмэх шил зүүх шаардлага үүсдэг.
Хэрэв нэмэх шил зүүлгэх шаардлагатай хүүхдэд шил зүүлгэхгүй удаан явбал нүд нь хялар болж тогтох тохиолдол бий.
Зургаагаас дээш насны хүүхдүүд шил зүүж байгаа үед саяны хэлсэнчлэн гар утасны хэрэглээ, хичээлээ хийхдээ буруу суух, хэт ойроос харах гэх мэтчилэн ойрын зайн харааны ачааллаас болж хараа мууддаг.
Эдгээрийг эцэг эхчүүд болон ард иргэд маань бодолцож хүүхдийнхээ ачааллыг тохируулах шаардлагатай" гэж зөвлөлөө.