Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийн II-р шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа

2023 оны 12 сарын 15

Arslan.mn

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

2022 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийн 2-р шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны 12 сарын 8-нд төслийн хаалтын арга хэмжээ болж өнгөрлөө.

Төслийн үр дүнгээс товч дурдвал:

  • 2022-2023 оны байдлаар Нийслэлийн төвийн 6-н дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтал 13,439 хүнийг явуулын үзлэгийн багаар үзлэгт хамруулж 1,157 хүнээс цэрний сорьц цуглуулан лабораторын шинжилгээнд хамруулсан бөгөөд 264 сүрьеэтэй тохиолдлыг эрт үед нь оношилж эмчилгээнд оруулахаар харьяа дүүргийн диспансерт шилжүүлж ажиллалаа.
  • Мөн энэ шатны төслийн хүрээнд гэрийн үзлэгийн явуулын багийг ажиллуулж эхэллээ. Энэ баг нь хороо, ӨЭМТ-д хүрч ирж чадахгүй байгаа хүн амд гэрээр нь очиж үзлэг шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд рентген оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны програм нэвтрүүлсэн нь онцлог байлаа. 2022 оны 10 сараас хойш 2,041 хүнийг гэрээр нь очиж шинжилгээнд хамруулаад байна.
  • ХӨСҮТ болон Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн лабораторуудад цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг анх удаагаа шинээр нэвтрүүллээ. Энэ ажлын хүрээнд тус нэгжүүдэд шинжилгээний аппарат, урвалж оношлуур, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг ханган нийлүүлсэн.
  • Шинжилгээний шинэ арга нэвтрүүлсэнтэй холбоотойгоор лабораторын хүний нөөцийг сургаж бэлтгэх, хяналт үнэлгээ хийх, шинжилгээний заавар боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгууллаа.
  • Интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлснээс хойш Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтал, 0-16 насны 1,988 хүүхдэд шинжилгээ хийсэн ба үүнээс 436 (22%) сорьцонд сүрьеэгийн халдвар тодорхойлогдлоо. Эдгээр хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаад байна.
  • ДЭМБ-аас гаргасан судалгаагаар урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан тохиолдолд сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг 83 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл өндөртэй улс орнууд урьдчилан сэргийлэх эмчилгээнд онцгой анхаарал хандуулахыг зөвлөсөн.

2024 оноос хойш төслийн 3-р шатыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд төслийн хамрах хүрээг тэлэх, интерферон-гамма тодорхойлох шинжилгээг гүйцэтгэх нэгжийн тоог нэмэгдүүлэх, сүрьеэгийн оношлогоонд хиймэл оюун ухааныг ашиглах, хүүхдийн сүрьеэгийн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654697
0 эможи

keyboard_arrow_up