ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч А.Цэнджав “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ“ цолоор шагнагдлаа
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор Аюушхүүгийн Цэнджав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хүний гавьяат эмч" хэмээх төрийн дээд одон медалиар шагнагдсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн хамт олон шинэхэн гавьяатаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Бид энэ онд дахин нэг гавьяатаа өлгийдөн авч байна. Бидний хамгийн их хүндэлж, даган суралцдаг эмч таны Монгол Улсын анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг тань хамт олон нь цаашлаад улс, эх орон тань үнэлэн хүндэлж, өнөөдөр ийнхүү төр засаг дээд шагналаа хүртээжээ. Танд баяр хүргэж аз жаргал хүсэн ерөөе. Цаашид бидэнтэй олон жил хамт байж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэрэй" хэмээлээ.
Хүний гавьяат эмч А.Цэнджав энэ үеэр "ЭХЭМҮТ-тэй амьдралаа холбоод 30 гаруй жил болж байна. Хүний гавьяат эмч шагналыг гардуулахдаа "Хүүхдийн Цэнджав" гэж дуудсан нь үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. ЭХЭМҮТ-ийн нэг эмч нь гавьяат хэмээх шагналыг хүртэж байна гэдэг нь ЭХЭМҮТ-ийн хамт олны ажил, амжилт, бүтээлийг хамтад нь шагнаж байна гэж үзэж байна. Та бүхэндээ баярлалаа. Эрүүлийг хамгаалах үйлсэд илүү их амжилт хүсье." гэдгийг онцоллоо.