Түлэгдсэн иргэдэд хийх уургийн бэлдмэлийн санхүүжилтийг ЭМЯ-аас шийдэж өглөө
Дүнжингаравын замын уулзварт болсон осол дэлбэрэлтийн улмаас энгийн иргэд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төвд очиж ослын улмаас түлэгдэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал, эмчилгээний явцтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Энд ирсэн 10 хүний 6 нь Эрчимт эмчилгээний тасагт авч эмчилгээ эхэлсэн бөгөөд биеийн байдал маш хүнд, зарим нь 80-90 хувийн түлэгдэлтэй бүгд амьсгалын аппаратанд орсон.
Эм, тарианы нөөц хангалттай ч түлэгдэлтэй хүмүүст нэн чухал альбумин уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа зэргийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах эмч танилцуулж, ЭМЯ-наас тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгчээ. Тухайлбал, шаардлагатай байгаа уургийн бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, хугацаа алдахгүй худалдан авах нөхцөлөөр хангахаар боллоо.
Мөн энэ үеэр тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, хэрэгтэй шаардлагатай зүйл гарвал эмч нар, эмнэлгийн удирдлага, ЭМЯ-нд нээлттэй хандаарай гэжээ. Түүнчлэн иргэдийн хүсэлтийн дагуу зарим асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгчээ.