Л.ЭНХСАЙХАН: 40-60 насныхан буюу ажил мэргэжлээрээ ид манлайлан ажиллаж буй хүмүүс ТАРХИНЫ ХАРВАЛТАД өртөж байна
УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төвийн дарга Л.Энхсайхан тархины харвалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсад харвалтын мэргэшсэн тусламж, үйлчилгээ байгуулагдсаны 10 жил болж байна. Харвалтын мэргэшсэн тасаг, нэгж бий болсноор энэ өвчнөөс шалтгаалан нас барах үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс буурсан.
Харвалтад хүргэдэг хамгийн том шалтгаан нь цусны даралт ихсэх юм. Цусны даралт ихсэлтийн шалтгаанаас үүдэлтэй тархины цус харвалт 50-60 хувьтай байна. Тиймээс даралтаа хэвийн байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
Үүнээс гадна чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ нь харвалт үүсэх шалтгаан болж байна. Мөн харвалт нь эдийн засгийн асар их хор хөнөөлтэй. Учир нь харвалттай өвчтөнийг нэг хүн заавал сахих шаардлагатай. Энэ нь гэр бүлийн санхүүд асар их дарамт учруулдаг. Мөн харвалтад 40-60 насныхан буюу ажил мэргэжлээрээ ид манлайлан ажиллаж буй хүмүүс өртөж байна. Үүгээрээ ч эдийн засагт үзүүлэх хор хөнөөл ихтэй." хэмээлээ.
Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна.
Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн баримт бий.