УНТЭ: “ALL IN ONE-ДЭЛГЭЦ“-ЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО
Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт амбулаторын тусламж, үйлчилгээнд шаардлагатай "All in one-дэлгэц"-тэй компьютер хандивлах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооний тэргүүн М.Түвшинбаяр, БНСУ-ын Vainer ХХК-ий Ерөнхий захирал Ким Вон Гил, УНТЭ-ийн Амбулаторын тасгийн эрхлэгч М.Бөхчулуун болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Vainer ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье. Манай эмнэлэг нь амбулаторын тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр хандивлаж буй уг дэлгэцийн тусламжтайгаар амбулаториор үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамж сайжрахаас гадна бид тус дэлгэцээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг цацах болно." гэдгийг онцоллоо.
Олон улсад кабинетийн үүдэнд дэлгэц суурилуулсан байдаг бөгөөд тус дэлгэцээр тасаг, кабинетийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн дараалал, эрүүл мэндийн боловсрол олгох контент зэргийг хүргэдэг байна. Тэгвэл УНТЭ нь амбулаторын 62 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийн үүдэнд ийнхүү "All in one-дэлгэц"-ийг суурилууллаа. Тус кабинетаар өдөртөө давхардсан тоогоор 3000 гаруй иргэн тусламж, үйлчилгээ авдаг аж.
"МЗБЭЭХ-нд 2023 оны 06 дугаар сард ирүүлсэн хүсэлтийн дагуу бид өнөөдөр амбулаторын 62 өрөөний үүдэнд байрлах дэлгэцийг хандивлаж байна. Бид уг хүсэлтийг хүлээн авснаас хойш зуны турш хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гишүүн болон гишүүн бус байгууллагын хандиваар уг дэлгэцүүдийг хандивлаж байгаадаа баяртай байна. БНХАУ-аас тус эмнэлгийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Цаашид эмнэлгийн үйл ажиллагаанд уг дэлгэцийг ашиглаж, олон олон иргэдийн эрүүл мэндэд тусламж үзүүлэх болсондоо баяртай байна" гэдгийг тус холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал энэ үеэр дурдаж байлаа.