ЭХЭМҮТ нь 2023 онд Монголд эмчлэгдэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, их бүтээн байгуулалтын ажлуудыг хийлээ
1985 оноос хойш эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж буй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хамт олон 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.
"Энэ онд ЭХЭМҮТ нь Монголд эмчлэгдэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж эхэллээ"
Хурлыг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бид 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр цуглаад байна. Манай хамт олон 2023 онд амжилт бүтээл ихтэй, салбартаа манлайлан ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Бид энэ жил баг хамт олноороо Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан ургаас урагт цус юүлэх хам шинжийн үеийн лазер мэс засал, зүрхний хүнд гажгийн үед шунтын мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Мөн ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын хамгийн чанартай эмийг таван жилийн турш бүрэн хангахаар болсон.
Үүнээс гадна энэ он бол их бүтээн байгуулалтын жил байсныг дурдахгүй байхын аргагүй. Бид энэ онд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх өрөө, Төрсний дараах тасаг, Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийхээс гадна, Үргүйдлийн төвтэй болсон. Үргэлжлүүлэн Нөхөн үржихүйн зөвлөх Поликлиник Перинаталогийн төвийн барилгын явц 90 хувьтай байгаа бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байна. Дээрх бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын дэмжлэг их байсныг дурдах нь зүйтэй.
Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажилчиддаа 60 хүртэлх хувийн үр дүнгийн урамшуулал болох 1,5 тэрбум төгрөгийг олгохоос гадна бүтээмжийн урамшуулал, эмнэлзүйд мэргэшсэн байдлын урамшуулалд 2,3 орчим тэрбум төгрөгийг I, II дугаар улиралд олгоод байна.
Цаашид бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон олон төсөл хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна. Энд та бүхний оролцоо, чанартай гүйцэтгэл чухал гэдгийг онцолж хэлмээр байна. Хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, 27 сувилагч, эх баригч уг хөтөлбөрийн дагуу бидний эгнээнд шилжээд байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн ажиллаж буй нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе." хэмээлээ.
Энэ үеэр оны шилдэгүүдээ зарлаж, баяр хүргэлээ.
ЭХЭМҮТ-ийн хэмжээнд 2023 оны Шилдэг төрөлжсөн мэргэшлийн тасаг
- -Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасаг
- Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг хавдар судлалын тасаг
- Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг
Оны шилдэг амь тэнссэн төлөвийн анагаах ухааны шилдэг тасаг
- Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг шалгарлаа.
Оны шилдэг Тусламж үйлчилгээг эхлэн үзүүлэгч шилдэг тасаг
- ЭБЭЭ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник,
- Эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны салбараас Сургалт, сурталчилгааны алба,
- Стратеги төлөвлөлт, орлого бүрдүүлэлт, санхүү хяналт үнэлгээний салбараас Нэгдсэн лабораторийн тасаг,
- Хангамж үйлчилгээ инженер технологийн албанаас Төвийн аж ахуйн тасаг тус тус шилдэгээр шалгарлаа.
2023 оны ЭХЭМҮТ-ийн шилдэг удирдагч
- ЭБЭЭ-ийн СЗЭТ-ийн эрхлэгч О.Амаржаргал
Шилдэг бүтээл
- “Хүүхдийн бөөр усжих өвчний шалтгаан, эмнэлзүй, мэс заслын эмчилгээний үр дүн” сэдэвт бүтээлээр Бөөрний мэс заслын тасгийн их эмч Б.Дэмбэрэлнямбуу шалгарч шилдэгээр тодорлоо.
Мөн энэ үеэр баг хамт олноо манлайлан ажилласан шилдэг эмч, ажилчдыг тодруулсан юм.
- Шилдэг эмчээр ХЭ-ийн ЕМЗТ-ийн их эмч В.Ганхуяг,
- Шилдэг эмчээр ЭБЭЭ-ийн НҮЗП-ийн их эмч М.Эрдэнэтуяа
- Шилдэг эмч судлаачаар Эрдэм шинжилгээний салбарын дадлагажигч ажилтан Э.Насантогтох,
- Шилдэг сувилагчаар ЭБЭЭ-ийн МХНТ-ийн сувилагч Т.Түмэндэмбэрэл, Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын сувилагч Н.Долзодмаа
- Шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр ХЭ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны техникч Б.Чингүн,
- Шилдэг ажилтнаар Тандалт судалгааны албаны ажилтан П.Орхонтуул нар шилдэгээр тодорлоо.
- Шилдэг үйлчилгээний ажилтнаар ЭБЭЭ-ийн Аж ахуйн нярав Г.Болор, ЭБЭЭ-ийн ЯТТ-ийн үйлчлэгч Н.Мөнхцэцэг, ХЭ-ийн МХНТ-ийн үйлчлэгч Ч.Оюунгэрэл нар тодорч хамт олныхоо талархалыг хүлээлээ.