Хоёрдугаар эмнэлэгт 100,000 долларын өртөг бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг гардууллаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамнаас Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн сургалт, үйл ажиллагаанд зориулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ким Жун Гү болон бусад албаныхан, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал хэлсэн үгэндээ "УХТЭ нь БНСУ-ын Койка олон улсын байгууллага, Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн найм дугаар сард манай эмнэлэгт ажиллах үеэрээ УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд 100,000 долларын өртөг бүхий багаж тоног төхөөрөмж, мульяажийг хүлээлгэн өгөхөөр тохирсон. Өнөөдөр ийнхүү бид орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. УХТЭ-ийн хүчин чадал, эмч мэргэжилтнүүдийн чадавх сайжруулахад анхаарал хандуулсан БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ким Жун Гү болон бусад хамтран ажиллаж буй байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ким Жун Гү энэ үеэр “Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин УХТЭ-т ажиллах үеэрээ тус эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулна гэж амлаж байсан. Өнөөдөр энэ амлалт биелэлээ олж байгаад бид баяртай байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд Монголын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй ашиглагдаасай гэж хүсч байна” гэдгийг онцоллоо.