М.Оюунчимэг: Нийслэлийн хэмжээнд 1255 ор дэлгэн ажиллаж байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.
Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг " 2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхайг багийг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2,126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэжээ. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг татан авчээ.
Арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна.
Энэ сарын 11-ний байдлаар түргэн тусламжийн 1,413 дуудлага иржээ. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483, томуу, томуу төст өвчний 238 дуудлага ирснээс 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Томуу, томуу төст өвчин, КОВИД-ын буюу амьсгалын замын халдварт өвчний үед иргэн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дүрмээ баримтлахыг зөвлөе.
Нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал.
Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь эрүүл мэндийн байгууллагаас томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс амбулаторийн тасгийг ажиллах цагийг уртасгасан.
Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсаар иргэдэд зөвлөгөө өгөх шугамыг нэмэгдүүлсэн" гэв.