Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ
Жил бүрийн өдийд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгддэг. Энэ жилийн хувьд томуугийн улирал харьцангуй хожуу эхэлсэн, идэвхжилийн оргил үед хүрээгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдэж, амархан хүндэрч эмнэлгүүдийн ачаалал өдөр өдрөөс өсжээ. Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан.
Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 40 ор, “Цэргийн төв эмнэлэг”-т 30 ор, Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвд нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна.
Ер нь томуугийн үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн нийт 1190 ор дэлгэжээ. Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II”, “Цэргийн төв эмнэлэг”-т энэ сарын 01-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэлтээр Хүүхэд судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулахаар заасан. Ингэхдээ оюутнуудын үндсэн сургалтыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэх, эмнэлзүйн сургагч болон мэргэжлийн багш нарын удирдлага дор эмнэл зүйн дадлагыг ажлын байранд хийлгэх, урамшуулал, хоол, унааны зардлыг тооцон олгохоор шийдвэрлэжээ.
Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийг амралтын өдрүүдээр ажиллуулах, гэрийн эргэлтийг идэвхжүүлэх зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн томуу томуу төст өвчний идэвхжил нэмэгдвэл орны хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор “Ор зохицуулах баг”-ийг томилоод байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор долоо хоног бүр эмнэлзүйн баг гарган эмнэлгүүдэд ажиллуулж байна. Уг багт ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, хүүхдийн зөвлөх эмч нар ажиллаж эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм.
Тэгвэл бид Эрүүл мэндийн яамнаас ажиллаж буй багийнхантай хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргээс сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: Ор олдохгүй байх вий гэж хүүхдээ битгий хүндрүүлээрэй
-Ор олдохгүй байх вий гээд ээж нар хүүхдээ хүндрүүлдэг. Тиймээс битгий хүндрүүлээрэй. Хамгийн түрүүнд эмчдээ итгэ, өрх дээрээ оч, амбулатори, эмнэлэгт хүрээд ир. Бид яаж ийж байгаад хүүхдээ аврахын төлөө зүтгэнэ. Энэ хамгийн чухал. Ээж аав нарт хэлэхэд хүүхдээ хайрла. Илүү их хайрла. Тэр нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шүү дээ. Бид цар тахалтай тэмцэж үзсэн ард түмэн. Тэр үед ээж аав нар хүүхэддээ болон өөртөө маш сайн маск зүүлгэж байсан. Хөл хорионд байлгаж чадаж байсан үед мундаг байсан мөртлөө одоо ямар ч маскгүй ирж байна. Гүйгээд л ороод ирнэ. Хүүхдийнхээ амыг ч боохгүй орж ирж байна.
Хүүхэд анатоми, физиологийн хувьд өвөрмөц. Том хүний амьсгалын зам урт, нарийхан байдаг. Хүүхдийнх богино, өргөн байдаг. Хүйтэн, бактеритай агаар, вирустай шууд уушги руу ордог. Хатгалгаа авахуулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэм бариулж, халуун амьсгалаар амьсгалуул.
Маск зүүх, амыг нь ороолтоор ороох их чухал. Хүүхэд өөрийнхөө амьсгалыг гаргалаа, бүлээхэн амьсгалаа ноосон ороолт дотроо барьж бүлээцүүлээд дахиад бүлээхэн амьсгалаар амьсгална. Шууд гадны хүйтэн амьсгалаар амьсгалахгүй гэсэн үг. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмээс гадна хүүхдийнхээ цусыг шингэн байлга, дархлааг нь сэргээ. Хүний цусны эргэлт сайн эргэж байвал хүүхдийн, том хүний ч дархлаа сэргэнэ. Чихэртэй, газтай ундаа бага өг. Бүлээн ус уулга.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний эмч Х.Уламбаяр: АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ ХООЛ ХҮНС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
-Эрчимт эмчилгээний тасагт долоон хүүхэд эмчлүүлж байна. Ихэнх нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалтай. Хатгалгаа хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдлын шинжүүд буюу цээж хонхолзох, амьсгаадах, амьсгалахад яргалах, хамар уруулын гурвалжин хөхрөх шинж тэмдэг илэрнэ. Бид стандарт удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ болгоныг хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихаас гадна амин дэмээр баялаг хоол хүнс өгөх хэрэгтэй. Шингэн зүйлийг ердийн үеэс их хэмжээгээр уулгана. Мөн олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байхыг зөвлөе.
ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг: ТОМЧУУД ӨВДӨХГҮЙ Ч ТЭЭГЧ БОЛДОГ
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс өмнө бол хүн болгон ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй. Вакцин хийлгэснээр томуу тусах магадлал багасдаг. Өвдлөө гэхэд хүндрэхгүй. Томчуудын дархлаа маш сайн байгаа учраас өвдөхгүй ч тээгч болдог. Тиймээс хүүхдүүддээ ханиад хүргэхгүйн тулд гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлж, хувцсаа бүрэн солих, гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гэрт байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна.
НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: ХОЁР ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАТГАЛГАА БОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДЭЖ БАЙНА
-Энэ жил томуугийн дэгдэлт харьцангуй хожуу эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеийг бодвол 3.9 хувиар томуу томуу төст өвчний үзлэг бага хувьтай байна. Амбулаторийн үзлэг энэ долоо хоногт 6.5 хувьтай байна . Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал харьцангуй хэвийн, хэвийн дээд түвшинд байгаа. Гэхдээ нэмэлт орнуудыг дэлгэсэн. Дээр нь уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр өглөө 8:40-20:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллаж байгаа бол ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд томуугийн амбулаторид шилжиж 21:00 цаг хүртэл үзлэг хийж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд үзлэгээ хийж байна. Уртасгасан цагаар зохицуулалт хийсэн учраас амбулатори дээр хүлээгдэл харьцангуй гайгүй. Гэсэн ч хоёр хүртэлх насны хүүхдийн өвчлөл дундаа ялангуяа томуугаар хүндрээд хатгалгаа болох тохиолдол их бүртгэгдэж байна.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин