Ж.Байгалмаа: Монголд ДОХ-ын халдвар тээгч 30 гаруй эх амаржсан ч эхээс урагт халдвар дамжаагүй

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр /2023.12.07/ боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, ҮЗЗ-ийн дарга Х.Ганбаатар болон төслийн салбар хүлээн авагч нар, ХӨСҮТ, эрүүл мэндийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, төслийн ололт амжилтыг дүгнэлээ.

Тус сан 2003-2013 онд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад 94 мянган ам.долларын санхүүжилт хийсэн ба ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эсрэг эмийг 100 хувь ханган нийлүүлжээ.

Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмэнд 653 мянган ам.доллар зарцуулсан байна. 2017 онд ХӨСҮТ-д ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд зориулсан Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулан ажиллуулж эхэлжээ.

Төслийн үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа "Манай улсад 1992 оноос хойш ХДХВ-ийн 367 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүн амын дунд 0.1 хүрэхгүй хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвартай тархалт багатай орнуудын нэг. Одоогоор халдвар тээгч 303 хүн ХӨСҮТ-ийн хяналтад байдаг бөгөөд 2023 онд гарсаар 21 хүн халдвар авсан нь батлагдсан.

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 30 гаруй ээж амаржсан ч урагт халдвар дамжихаас  бүрэн сэргийлж чадсан нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг харуулах нэг үзүүлэлт болно.

Мөн 30 жилийн хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийн чанд мөрдөж ажилласнаар ДОХ-ын халдвар эмнэлгийн орчинд тархаагүй.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл мөн 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Анх сүрьеэгийн эмийг тус төслөөс 100 хувь хариуцаж байсан бол одоо 20 хувийг манай улсын Засгийн газар, 80 хувийг Глобаль сангаас хариуцаж байна.

Манай улсад сүүлийн 10 жилд сүрьеэгийн оношилгоонд дэвшил гарсан.  Сүрьеэг анх цэрнээс дээж авч бактерийг өсгөвөрлөн ургуулж, хэд хоногийн дараа шинжилгээний хариу гардаг байсан бол одоо GeneXpert гэж хамгийн орчин үеийн молекул биологийн оношилгооны аппаратыг 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ болон зарим лавлагаа шатны 41 эмнэлэгт ашиглаж байна.

Мөн тодорхой хэмжээний оношлуураар хангаж ирснээр сүрьеэгийн халдварыг богино хугацаанд оношлох боломж бүрдсэн.

Ковидын үед PCR шинжилгээний хариуг богино хугацаанд гаргаж байсан шиг сүрьеэгийн халдварыг цаг алдалгүй илрүүлэх боломж бүрдсан.

“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд ихээхэн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улсад ДОХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, нас баралтыг тогтоон барьж чадсан. Сүрьеэгийн төсөл хэрэгжээгүй, энэ чиглэлээр ямар нэг арга хэмжээ аваагүй бол 6000 гаруй хүн сүрьеэгийн улмаас нас барах, жилд 15 мянга гаруй хүн сүрьеэгээр оношлогдож байх тооцоолол гарсан. Төслийн хүрээнд энэ чиглэлээр ажиллаж буй эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр тасралтгүй ажилласан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653304
3 эможи

Зочин
2023-12-10 13:50
Нямхүүтэй адил сайхан хуцдаг нөхөр үү ??
Ж.Байгалмаа
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up