5 жилээр нас уртасгах хавдрын эсрэг дархлаа эмчилгээг Монголд хийлгэх боломж бүрдлээ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яам, Хавдар Судлалын Үндэсний Төв, Швейцарын F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Roche компанийн бүсийн дарга Адриано Треве нар өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулав.

Тодруулбал Швейцарийн PACE буюу бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр гэх хөтөлбөрт гурван жилийн хугацаанд  хамрагдаж байна. Ингэснээр элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаасаа хамаарч  8000-9392  ам.доллар буюу манайхаар 20-32 сая төгрөгөөр  хийлгэдэг бол үүнийг манайд 1000 орчим ам.доллараар нийлүүлэх юм.

Дархлаа эмчилгээг хавдрын бай эмчилгээтэй хавсарч хийдэг бөгөөд бай эмчилгээний үнэ нь таван сая орчим байдаг аж. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын хожуу шатанд оношлогдсон элэг, уушги, хөх, ходоод өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээнд хавсарсан эмчилгээг хийлгэх өртөг нь найман сая орчим болох юм байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  "Хавдрын өвчлөл нас баралтыг буруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.

Санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарын Рош компани Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмүүдийг хамгийн бага үнээр буюу "Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр" нийлүүлэх РАСЕ тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. 

Монгол Улсад элэгний хожуу шатанд оношлогдсон хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам хийгдэнэ. Учир нь эдгээр эм их өндөр өртөгтэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаасаа хамаарч 8,000-9,392 ам.доллароор (20-32 сая төгрөг) хийлгэдэг бол манай улсад маш бага үнээр буюу 1,000 орчим ам.доллароор нийлүүлэх санал тавьж байгаа" гэлээ. 

Arslan.mn

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Дархлаа эмчилгээг иргэнд санхүүгийн дарамт учруулахгүй байдлаар нэвтрүүлж байгаад баяртай байна. Өндөр өртөгтэй эмчилгээ тул зах зээлийн үнээр эрүүл мэндийн даатгалд оруулах боломжгүй байлаа. Тиймээс тодорхой хугацаанд хэлцэл хийж, PACE хөтөлбөрт хамрагдахаар болсон.

Дархлаа эмчилгээ бол эм тариа гэхээс илүү хүний биеийн дархлааны эсийг идэвхжүүлэх эмчилгээ юм. Ингэснээр хүний дархлааны эс сэргэж, хавдрын эсрэг тэмцсэнээр хавдрыг устгадаг. Дархлаа эмчилгээний судалгааг анх 2018 онд эрдэмтэн Жэймс Аллисон, Тасуку Хонжо судалж Нобелийн шагнал хүртсэн. Ингэснээр сүүлийн жилүүдэд шинэ технологи болж, улам эрчтэй нэвтэрч байна. Үүний үр шимийг бид санхүүгийн дарамтгүйгээр хүртэх боломжтой боллоо. Дархлаа эмчилгээг өмнө нь гаднаас тариаг нь оруулж ирж хийлгэдэг байсан. Өртөг нь 20-32 сая төгрөг болдог байсан бол ирэх оноос эрүүл мэндийн даатгалаар үнэгүй авах боломжтой болж байна.

Төсөл гурван жил үргэлжлэх хэдий ч бид энэ хугацаанд цаг хожно. Эхний дөчин хүнд ХСҮТ-ийн санхүүжилтээр хийнэ. Иргэддээ аюулгүй хүргэж байна гэдэг үр дүнгээ батлуулсны дараа илүү өргөн хүрээнд хүргэх боломж нээгдэнэ. Тэр үед иргэд даатгалаар дархлаа эмчилгээгээ хийлгэх боломж Эрүүл мэндийн санд шинээр орж ирж буй "Дархлаа эмчилгээний багц"-ын хүрээнд бий болно" гэлээ.

Arslan.mn

Roche компанийн бүсийн дарга Адриано Треве "Монгол Улсад ялангуяа элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээг нэвтрүүлэх шаардлага бий. Хамгийн гол нь энэхүү эмчилгээг хорт хавдрын хожуу үед оношлогдсон хүмүүс эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн дарамтгүй хүртэх болсон нь хамгийн чухал. Хожуу үед оношлогдсон хүмүүс, эмчилгээгүй болсон байсан хүмүүс хавсарсан эмчилгээ хийх боломжтой. Үүнд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653197
0 эможи

keyboard_arrow_up