Эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах менежмент нэг шат ахиж, 51 байгууллага хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжтэй боллоо
Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг, АНУ-ын Элчин сайдын яамны Олон улсын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Эмнэлгийн хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж”-ийг нийлүүлж, эхнээсээ ашиглалтад ороод байна.
Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь уг төхөөрөмжийг ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд тус үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа болон бусад эмч, мэргэжилтнүүд, албаныхан оролцсон юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Өмнө нь эмнэлгийн хог хаягдлыг газарт булах, шатаах зэргээр устгадаг байсан. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах, байгаль орчинд эрсдэл их учруулдаг. Коронавирусийн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Үүнийгээ дагаад байгаль орчинд учруулж буй хор хөнөөл их байгаа нь мөн нотлогдсон. Тийм учраас Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хэд хэдэн ажлыг хийсэн. Үүний нэг бол ЭМЯ-аас НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр 12,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог бэхжүүлэх, аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх таван төрлийн 51 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Ингэснээр эмнэлгийн хог хаягдлыг устгах тал дээр маш том ахиц гарч байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 15 аймгийн Зоонозын өвчин судлалын төв, 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон амаржих газрууд аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжтэй боллоо. Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмнэлгийн аюултай хог хаягдлыг дулааны технологиор энгийн хог хаягдал болгох юм. Цаашид бид эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй устгадаг үйлдвэртэй болох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү төслийн хэрэгжүүлэхэд хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Элчин сайдын яамны Олон улсын хөгжлийн агентлаг болон бүх байгууллагуудад талархал илэрхийлье.” гэдгийг онцоллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан энэ үеэр “Монгол Улсын хувьд эмнэлгийн хог хаягдлыг устгах менежмент нь сайн хэдий ч засч сайжруулах зүйлс байсан. Нэгдүгээрт хог хаягдлын төхөөрөмж сайн ажилладаггүйгээс гадна, стандартад нийцээгүй байсан.
Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, ялангуяа хөдөө орон нутгийн эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй устгалд оруулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ.
ЭХЭМҮТ-ийн Тархвар судлаач эмч М.Уранчимэг:
ЭХЭМҮТ-д эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх төхөөрөмжийг 11 дүгээр сард суурилуулэж, туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдлыг өндөр хэмээр халдваргүйжүүлж байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. ингэснээр байгаль орчинд үүсэх сөрөг нөлөө буурахаас гадна эмнэлгийн байгууллагын ажилчид халдвар авахаас сэргийлэх юм. Устгалд оруулсан аюултай бүтээгдэхүүнийн өндөр хэмд тэсвэртэй нянгийн өсгөврөөр хянах үйл ажиллагааг мөн хийж байна. Өмнө нь эмнэлгийн аюултай хог хаягдлыг ангилаад тухайн эмнэлгийн хог хаягдлын цэг дээр бөөгнүүлж байгаад Элемент компанид нийлүүлэн устгадаг байсан бол одоо уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмнэлгийн хог хаягдал биологийн аюулгүй хог хаягдал болох, овор хэмжээний хувьд ч багасна.
Үүнээс гадна өчигдөр Зооноз өвчин судлалын үндэсний төв болон 15 аймагт лабораторын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа болсон билээ.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах хэлэхдээ “Халдварт өвчнөөр өвчилж үхсэн мал, амьтныг бид өмнө нь мал эмнэлгийн байгууллагатайгаа хамтран булах аргаар устгадаг байсан. Одоо бол бид дээрх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар лабораторид шинжилгээнд ирж байгаа биологийн аюулт бүтээгдэхүүнийг халдваргүйтгээд устгах боломжтой болсон. Ингэснээр биологийн аюултай сорьц бүтээгдэхүүнтэй харьцдаг манай байгууллагын ажилтнууд халдварт өртөхөөс сэргийлэх, байгальд ээлтэй буюу олон жил байгальд хадгалагддаг нян вактерын халдвар дахин гарах эрсдэлгүй болсон. Үүнээс гадна устгалд оруулсан бүтээгдэхүүний овор хэмжээ ч багасах юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны Японы сан зэрэг байгууллагуудад талархал илэрхийлье.” хэмээлээ.