Антибиотикийн тунг хэтрүүлбэл өвчин архагших, бусад эрхтэнг гэмтээх, мөөгөнцөр үржих эрсдэлийг нэмэгдүүлдэг
Антибиотек хүний биед хэр нөлөөтэй байдаг талаар хүмүүс тэр бүр хангалттай мэдээлэл авч чаддаггүйгээс буруу хэрэглэсээр байдаг гэх дүгнэлтийг ДЭМБ-ын шинжээчид гаргасан. Иймээс “Антибиотекийг зөв хэрэглэх дэлхийн долоо хоног”-ийг жил бүр зохион байгуулдаг болсон.
Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй халдварын хяналтын мэргэжилтэн, эм зүйн албаны нийт 200 гаруй эмч, мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцож байна.
Энэ үеэр УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа хэлсэн үгэндээ “УНТЭ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Хүн амын дунд дэлхий нийтээр нянгийн халдвар, түүнтэй холбоотой олон эмэнд тэсвэржилт үүссэн нян, түүний халдвар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байх явцад үүсдэг халдваруудын шалтгаан, антибиотикийн зохисгүй хэрэглээ нь эргээд эмчлэхэд төвөгтэй буюу амь насыг аврахад хэцүү үжлийн байдлыг үүсгэдэг. Бид өмнө нь хүн болон амьтанд байгаа нянг ямар нэгэн антибиотикоор эмчлээд олон үр дүнтэй антибиотикуудыг гаргаж аваад явж байсан. Гэтэл хэрэглэх явцад нян нь эмэнд тэсвэртэй болж эхэлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх, ард иргэд, эмч мэргэжилтнүүдийн халдвартай холбоотой мэдлэг, хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. ДЭМБ энэ чиглэлд маш их анхаарал хандуулж байна. Хүн амын дунд зонхилон тохиолддог зүрх судасны өвчин, осол, хорт хавдар гэх мэт өвчнүүдийн нас баралт тэргүүлдэг байсан бол 2050 он гэхэд эмэнд тэсвэртэй нянгийн халдвар, үжлээр амь насаа алдах эрсдэл бий болсон. Тийм ч учраас халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.” гэдгийг онцоллоо.
УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга:
Жил бүр ДЭМБ, ЭМЯ, Эм эмнэлгийн хэрэгсэл зохицуулах газраас “Антибиотикийн зохистой хэрэглээ” аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” аяныг зохион байгуулж байна.
УНТЭ-ээс мал аж ахуй, микробиологи, эм зүй зэрэг бүх чиглэлийн салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, туршлага солилцох сургалтыг зохион байгуулахаас гадна иргэдэд чиглэсэн антибиотикийн хэрэглээний талаар зөв, зохистой мэдлэгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Антибиотекийг эмчийн жороор сонгож хэрэглэх чухал. Хэрэв тэгэхгүй бол дур мэдэн антибиотекийг хэрэглэснээр өвчний суурь шинж тэмдгийг оношлоход бүдэгрүүлэх аюултай. Антибиотекийн тунг хэтрүүлбэл өвчин архагших, харин ч эсрэгээрээ бөөр, ходоодоо гэмтээх, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг нэмэгдүүлэх нь ч бий. Антибиотекийг заасан хугацаагаар хэрэглэхгүй бол өвчин дутуу эмчлэгдэнэ. Өвчинд дасан зохицно. Хэрвээ антибиотект дасал болчихвол зөвхөн тэр антибиотекоо л хэрэглэхээс бус бусад эм үйлчлэхгүй болох эмгэг үүсдэг. Сургалтанд нийт 200 гаруй эмч, мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар хамрагдаж байна.
Антибиотекийг эмчийн зааснаар халдварт өвчний үед хэмжээт тунгаар зөвлөсөн хугацааг таслахгүй уух ёстой. Хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэвэл зохино. Мөн зарим антибиотекийг хоолны дараа хэрэглэдэг. Зөвхөн тэр зааврыг баримтлах хэрэгтэй. Антибиотек таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй. Антибиотекийг болж өгвөл тариагаар бүү хэрэглэ. Зөвхөн шаардлагатай үед тариагаар хэрэглэдэг. Хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд болгоомжтой хэрэглэхгүй бол хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдгийг бүү мартаарай. Антибиотекийг хүүхэд хүрэхгүй газарт хадгалах буюу хугацаа хэтэрсэн бол хэрэглэж болохгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.