АШУҮИС-ийн “Физиологийн тэнхим“ байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхим байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус ойг угтан олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр баярын хурлын үйл ажиллагаа АШУҮИС-ийн хурлын танхимд боллоо.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Академич Ц.Лхагвасүрэн, Япон Улсын Шига анагаахын сургуулийн Профессор Юү Кацуяама болон бусад эрдэмтэн, багш, оюутнууд оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Академич Ц.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “АШУҮИС байгуулагдаад 81 жил болж байна. 1942 онд Монгол Улсын Их сургууль байгуулагдсанаар Монгол Улсад төрөл бүрийн мэргэжлээр дээд боловсролтой үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх алтан үе эхэлсэн. Тус сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факултет гэж байгуулагдсан нь одоогийн АШУҮИС-ийн эх суурь нь тавигдсан. Тус факультет анх цөөхөн хэдэн тэнхимтэй байсан бөгөөд үүний нэг нь физиологийн тэнхим юм. Өнөөдрийг хүртэлх 80 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Физиологийн тэнхим үүргээ нэр төртэй биелүүлсэн. Физиологийн тэнхим гэдэг нэрийн дор эрүүл физиологи, эмгэг физиологийн тэнхим хамтдаа хөгжиж ирсэн. Тэр ч байтугай эрүүл ба эмгэг физиологийн тэнхимээс шинжлэх ухааны 10 гаруй салбар үүссэн.
Манай тэнхим өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсрол, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтэн, удирдах ажилтнуудыг төрүүлсэн.
АШУҮИС-ийн нүүр царай болсон том тэнхимээс маш олон алдартнууд төрөн гарсан. 20 орчим гавьяат, академич дөрөв, 20 гаруй докторууд төрөн гарсан. Энэ 80 жилийн хугацаанд оюутныг эрүүл мэндийн салбарт эмч болгож бэлтгэх ажлыг нэр төртэй биелүүлж яваа хамт олонд баярын мэнд хүргэе.” хэмээлээ.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд тус тэнхимээс 150 гаруй физиологич мэргэжилтэй багш, биеийн тамирын багш, судлаач бэлтгэгдсэний дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 1, Монгол Улсын Төрийн шагналт 1, Монгол Улсын Ардын багш 1, Монгол Улсын гавьяат багш 7, Хүний гавьяат эмч 3, Гавьяат дасгалжуулагч 1 зэрэг олон алдартан төрөн гарчээ.
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимээс 80 жилийн ойд зориулан “Монголын Физиологичдын түүхэн шастир” хэмээх бүтээлийг хэвлүүлжээ. Тус бүтээлд Монголын физиологичдын нийгэмлэг болон оюутны клубуудээс сүүлийн жилүүдэд зохион байгуулсан хурал, семинар, олимпиад, залуу эмч, мэргэжилтнүүдийн газны оронд хамгаалсан эрдмийн ажил зэрэг өнгөрсөн 80 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүх л түүхийг багтаажээ.