“Хүнийг эмчлэх хүн өөрөө шүдний өвчтэй байж БОЛОХГҮЙ“
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулиас "Эрүүл хүн - Эрүүл шүд" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тодруулбал, АШУҮИС-ийн оюутнууд бүгд эрүүл шүдтэй, шүдээ зөв арчлах дадалтай болж төгсөх нь. Үүний тулд АШУҮИС-ийн харьяа бүх сургууль, эмнэлгүүдэд шүд угаах хэсгийг тусгайлан гаргах, шүдний үзлэг, зөвлөгөө, зөвлөмжөөр оюутнуудыг, эмч, ажилчдыг тогтмол хангах Ерөнхий захирлын тушаал гарчээ.
АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар энэ талаар онцлохдоо "Хүнийг эмчлэх хүн өөрөө өвчтэй байж болохгүй. Тэр дундаа бүх өвчний суурь болсон шүдний өвчлөлтэй байж болохгүй. Эмч хүний шүд эрүүл байх ёстой. Өөрөө зөв дадал эзэмшээгүй өвчлөлтэй байж хүнийг эмчилнэ гэж байхгүй. Тиймээс АШУҮИС-ийн харьяа бүх оюутнууд өдрийн цайны дараа тогтмол шүдээ угаах, шүдээ арчлах сургалтанд тогтмол хамруулах, шүдний эмнэлэг, үзлэг оношилгоонд хамрагддаг болно. Бид бүх боломжийг нь бүрдүүлнэ. Япон, Солонгост оюутнууд бүгд өдрийн цайны дараа шүдээ угаагаад хэвшсэн. Энэ нь өөрөө зөв дадал, эрүүл амьдралын хэв маяг юм. Оюутан хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд тус сургуулийг төгсөж буй оюутнууд суурь өвчлөлтэй болохоос урьдчилан сэргийлж, эрүүл дадлыг эзэмшсэн байхыг зорьж байна" гэжээ.
АШУҮИС-ийн төв байрны оюутан хөгжлийн төв дотор "Шүд угаах өрөө"-г тусгайлан тохижуулж өгчээ. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн оюутнууд завсарлагаанаар, өдрийн цайны цагийн дараа тогтмол шүдээ угаагаад эхэлжээ.