Б.БАЙГАЛМАА: Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал 2 дахин нэмэгдэх хандлагатай байна

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд, салбарын бэлэн байдлыг хэрхэн хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх талаар хэлэлцэхээр "Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дах удаагийн уулзалт, зөвлөгөөн" өнөөдөр болж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Академич П.Нямдаваа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа болон 21 аймаг, 9 дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал, тархвар судлагч вирус судлагч эмч гэх мэт нийт 180 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж. Байгалмаа хэлсэн үгэндээ “Манай улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал бүртгэгдсэнээс хойших гурван жил орчмын дараа хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус КОВИД-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд орж, томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал 2 дахин нэмэгдэх хандлагатай байна. Томуугийн халдвар нь дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлдэг, ялангуяа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог ба цаашид КОВИД-19 цартахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал байна. Энэ удаагийн уулзалт зөвлөгөөн нь тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх, зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа ба эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хүчин чармайлт чухал. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Энэ жил нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар дархлаажуулалт 50 гаруй хувьтай байна." гэдгийг цохон тэмдэглэлээ.

Зөвлөгөөний үеэр өнгөрөгч томуугийн улиралд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололттой болон сул талыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хамтран гаргах юм.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа:

Томуугийн вирус манай улсад 11 дүгээр сарын сүүл үеэс эхлэн идэвхжиж эхэлдэг. Жил бүрээр харахад H1N1, H3N2, B хүрээний вирус идэвхждэг учраас энэ хүрээний вакциныг татан авч, иргэдийг дархлаажуулдаг. Энэ жилийн хувьд 300,000 хүн тун вакцин хүлээн авч, өнгөрсөн сарын 06-ны өдрөөс эхлэн зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулж эхэлсэн. Ахмад настнууд болон хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдалт өндөр байгаа бол жирэмсэн эхчүүдийн хамрагдалт хангалтгүй байна. Вакцин хийлгэсэн иргэдийн хувьд томуугийн идэвхжил эхэлсэн үед дархлаа сайтай байдаг учраас хөнгөн тусах, тусахгүй байх магадлалтай.

Үүнээс гадна иргэд энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга юм. Бид бэлэн байдлаа байнга л хангаснаар томуугийн улирлыг эрсдэл багатай давах бүрэн боломжтой.Arslan.mn

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал:

Манай аймаг нь хилийн бүстэй учраас амьсгалын замын өвчлөл өндөр аймгийн тоонд ордог. Сүүлийн жилүүдэд томуу, томуу төст өвчний гаралт өндөр байна. 2023 он гаргаад хаврын улиралд томуугийн идэвхжил явагдаж байсан бол одоо томуугийн идэвхжил эхлэх шатандаа явж байна. Тийм учраас бид томуугийн дархлаажуулалтыг эхлүүлснээс гадна ард иргэдэд энэ төрлийн мэдээлэл, зөвлөгөөг өгөх ажлыг хийж байна. Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд эрүүл ахуйн дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, томуугийн вакцинд хамруулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд, боловсролын байгууллага хамтран ажиллавал энэ төрлийн өвчнийг бууруулах боломжтой.

ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжээс статистик мэдээллийг цаг тухай бүрт нь өгдөг болж байгаа. Ингэснээр бид томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдварын тухай мэдээллийг шуурхай авах, дамжуулах, тандан судлах боломжтой болсон.

Arslan.mn

Зөвлөгөөний үеэр "Цар тахлын дараах үеийн тогтвортой байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, чиглэл", "Шинэ болон сэргэж буй халдварын бэлэн байдал, тэсвэрлэх чадвар", Монгол Улсад 2022-2023 онд бүртгэгдсэн ТТӨ-ий байдал, тархвар зүйн онцлог, тулгамдсан асуудал" зэрэг олон илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хурал хоёр өдөр үргэлжилнэ. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652404
0 эможи

keyboard_arrow_up