Д.Баярсайхан: 13 А. “Эрүүл мэнд ба эдийн засаг“

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Юуны өмнө энэ гарчиг бол ямар нэг номын бүлэг биш харин саяхан нийтээр шуугиж өөрчилсөн 13А маягтыг эрүүл мэнд, эдийн засгийн өнцгөөс харсан нийтлэл юм. Болоод өнгөрсөн юмыг хөндөж буй шалтгаан нь зарим хүний ойлгосон шиг энэ “цаас”-ыг хэн нэгэн хэдэн жилийн өмнө зохиогоод олны шахалт, шаардлагаар сая хүчингүй болгосон хэрэг биш билээ. Бодитоор харвал энэ маягтыг хэдхэн жилийн өмнө манайх зохиож хэрэглээгүй, бас энэ маань заавал цаасан байх ч албагүй юм. Энэ бол олон улсад мөрддөг анагаах ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ач холбогдолтой бодлогын хэрэгсэл юм. Үүнийг болон бодлогын бусад аргыг мэргэжлийн түвшинд ашиглан эрүүл мэндийн салбарт одоо хийж байгаа, цаашид хийх олон өөрчлөлтийг салбар дотроо болон салбарын гадна, бодлогын шийдвэр гаргагчид, олон нийт ойлгож дэмжих хэрээр өөрчлөлт, шинэчлэлт илүү үр дүнд хүрнэ. Ингэснээр иргэд эрүүл амьдрах боломж нэмэгдэж эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хамгаалал хоорондын харилцан уялдаа улам тодорно.

Өнөөдөр улс, орны хөгжилд хүний хүчин зүйл, эрүүл мэнд ямар чухлыг эдийн засаг, нийгмийн аль ч салбарт шинжлэх ухааны нотолгоонд суурилан ярилцах, ашиглах, үр дүн, ач холбогдлыг мэдэрч ойлгох боломжтой цаг үед бид амьдарч байна. Материал баялаг, мөнгө, санхүүгээс гадна тэдгээрийг зөв зохистой ашиглах мэдлэг чадвартай хүн, ажиллах хүч байж тэр баялаг, нөөц нь эдийн засгийн эргэлтэнд орж энэ хэрээр улс орон хөгждөг. Энэ утгаар хүний биеийн болоод сэтгэц, оюун санааны эрүүл мэнд бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол цөм нь юм. Нөгөө талаас хүн өөрөө байгалийн амьд бие, организм учраас элдэв өвчин, эмгэгт нэрвэгдэх эрсдэлтэй байнга тулгарч ирснээр өвчин эмгэгийг оношилж эмчлэх, урьдчилж сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээ, шаардлага дор эрүүл мэндийн тогтолцоо үүсч, хөгжсөн түүхтэй. Хөгжлөө дагаад энэ тогтолцоо улам боловсронгуй болж хүн амын эрүүл мэнд, анагаах ухаан төдийгүй удирдлага, эдийн засгийн шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа явуулах болов. Эрүүл мэндийг нийгэм, эдийн засагтай холбож тогтолцоо, санхүүжилтийг нь тодотгосон анхны алхам 1883 онд Германд үүссэн эрүүл мэндийн албан журмын даатгал байв[1]. Энэ нь нэг талаас ажилчдын эрүүл мэндийг хамгаалж хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хадгалахад анхаарч нөгөө талаас нийтээр эвсэлдэн нэгдэж өвчин эмгэгтэй тэмцэх зардлыг босгох шинэ санааг гаргаж хэрэгжүүлсэн нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Санхүүжилтийн эх үүсвэргүй бол ямарч тогтолцоо ажиллах боломжгүйгээс гадна эрүүл мэндэд зарах хөрөнгийг татвар, шимтгэл, хувийн төлбөрөөр босгох боломж нь хязгаартай тул байгаа хөрөнгөө хувь хүн гэхээс илүү олон нийтийн эрх ашигт нийцүүлж хамгийн үр дүнтэй хуваарилж, ашиглах шаардлагыг бодлогын түвшинд гаргаж тавьдаг. Энэ дагуу нийт хүн амд үзүүлэх эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлж түүнийг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, тогтолцоог хөгжүүлж товчдоо өвчнийг эмчлэх, сэргийлэх ямар тусламж, үйлчилгээг мэргэжлийн ямар байгууллагаар үзүүлэх, яаж санхүүжүүлэх, өвчний улмаас иргэд нь ядуурахгүй байх нь хөгжлийн зорилт юм. Энэ үзэл санаа дэлхийн бүх улс орнууд нийтээр хэлэлцэж баталсан 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилт (SDGs) дотор эрүүл мэндийн бүх нийтийн хамралт (SDG3), тэгш байдал, нийгмийн хамгаалал (SDG10)-ыг сайжруулж ядуурлыг эцэс, төгсгөл болгох (SDG1), эдийн засгийн өсөлтийг хангах (SDG7) хүрээнд бүгд хамтран ажиллах (SDG17) зорилтуудад тусгалаа олсон билээ[2].    

Өнгөрсөн түүхэн хугацаанд өвчин, эмгэгийн шинж чанар байнга хувирч өөрчлөгдөөд зогсоогүй байнга хүрээгээ тэлснээр эмчилгээ, оношлогооны шинэ арга, технологи, эм, тоног төхөөрөмжтэй холбогдсон зардал байнга өсч 2021 оны байдлаар Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьд хүрээд байна[3]. Өвчлөл талаас харвал дэлхийн хэмжээнд одоогоор бүртгэгдсэн, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын шалтгаан болсон нийт 17 мянга гаруй өвчний бүлэг дотроо задарч 120 мянга гаруй кодоор тэмдэглэгдэж энэ нь цааш 1.6 сая орчим клиникийн тохиолдол болж бүртгэгддэг мэдээлэл, статстикийг дэлхий нийт ашиглаж байна[4]. Эрүүл мэндийн энэ бүх тусламж, үйлчилгээг зөвхөн нэг түвшинд, нэг газар бүгдийг төвлөрүүлж үзүүлэх, дээр нь өвчтөн өөртөө онош тавиад эмчлэх газраа сонгож үйлчлүүлэх боломж анагаах ухаан талаас яагаад ч байхгүй. Хийсвэрээр ийм байж болох юм гэж төсөөлвөл эрүүл мэндийн тогтолцоо, зардал нь хамгийн үр дүнгүй, цаашлаад эрүүл мэндийн салбарын зардлыг даах санхүүжүүлэлтийн эх үүсвэр хувь хүн, айл өрх төдийгүй эрүүл мэндийн даатгал, улсын төсөв, нийгмээрээ дийлэхгүй тул эдийн засаг нь унаж дампуурахаас өөр арга замгүй юм.

Тусламж, үйлчилгээний шатлал

Дэлхийн ямарч улс оронд нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах үндсэн зорилгод нийцүүлэн эрүүл мэнд, эдийн засгийн харилцан үйлчлэлийг ашиглаж нэг нь нөгөөгөө дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлвэл ямар үйлчилгээг ямар түвшинд үзүүлэхийг нарийн заагласан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал, түүний санхүүжилт, эдийн засгийн урамшил, хөшүүргийн механизм үйлчилдэг. Үүнийг бүхэлд нь дүрсэлвэл пирамид хэлбэртэй, хамгийн олон хүн хүрсэн, хамгийн бага зардлаар өндөр үр дүнд хүрдэг нь нотлогдсон эрүүл мэндийн анхан шатлал дээр суурилж босох хоёр, гуравдах шатлалын үйлчилгээ, түүний дээр пирамидын шовх орой нь архаг, хүнд өвчнийг нарийн мэргэжлийн түвшинд өндөр өртөг, зардлаар эмчлэх тусламж болж төгсдөг. Энэ зарчмаар эрүүл мэндийн салбар, тогтолцооны хөгжлийг эмнэлэг олноор барих биш харин хүн амын эрүүл мэндийн асуудлын 80 орчим хувийг шийдэх боломжтой эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд иргэдээ бүрэн хамруулахыг улс орнууд зорьдог.

Энэ шатлалыг манай нөхцөлд буулгавал өрхийн болон хэсэг, баг, сумын эмч нар голлон анхан шатанд ажиллаж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хоёр дахь шатлал, улсын клиникийн төв эмнэлгүүд гурав, нарийн мэргэжлийн төвүүд дөрөв дэх шатлалын тусламж үзүүлэхээр зохион байгуулагдсан байдаг. Зардлын хувь авч үзвэл доошоо харсан пирамид дүрстэй болно. Энэ нь хувь хүн болон, нийгэмдээ тусах зардал нь шатлал ахих тутам өсч нэмэгдэнэ гэсэн үг. Ийм л зарчмаар манай эрүүл мэндийн салбар, тогтолцоо хөгжиж ирсэн, цаашид ч энэ зарчмаас хазайж ухрах боломж байхгүй.  

Манай улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг 2022 оны эрүүл мэндийн үзүүлэлт, статистик тайлангаас харвал манай улсад нийт 4652 эрүүл мэндийн байгууллага хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагаас анхан шатанд сум, өрхийн эрүүл мэндийн 515 төв, сумын нэгдсэн эмнэлэг 6, хоёр, гурав дах шатлалд аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв 10, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, дөрөв дэх шатлалд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 14, тусгай мэргэжлийн төв 3 ажиллаж байна. Үүнээс гадна хувийн ортой эмнэлэг 215, хувийн клиник 1458 байна[5].

Өнгөрсөн онд манай хүн амын дунд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдол өмнөх онтой харьцуулахад 10 000 хүн ам тутамд 2224, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 163-аар тус тус нэмэгджээ. Мөн эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 113, нэг их эмчид ногдох хүний тоо 239 болж давхрадсан тоогоор 10 000 хүн тутмын 3011 хүн эмнэлэгт хэвтэж жилдээ 1 иргэн 6 удаа амбулаторийн тусламж, үйлчилгээ авчээ.

13А маягт

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын уялдааг хангаж өвчтөнөө анхан шатанд хүлээн авч шаардлагатай бол дараа, дараагийн шатлалд шилжүүлэн чанартай тусламжинд цаг алдалгүй хамруулах, өвчтөнөө хяналтанд авч эмчилгээний тасралтгүй байдлыг хангах нь эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилтийн үндсэн зорилго юм. Энэ бодлого, зорилгын хүрээнд шатлал бүрийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, өвчтөнөө шилжүүлэн эмчлэх нөхцөл, боломжийг дээд зэргээр бүрдүүлэх боломж, хөшүүрэг, сонирхолыг бүх талаар дэмжсэн арга хэмжээ хүн амын эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Жишээ нь анхан шатны тусламжинд анхаардаг улс оронд иргэн өөрөө шатлал алгасаад үйлчилгээ авч болох ч хэд хэдэн асуудалтай тулгарна. Үүнд өрхийн эмчийн шилжүүлэг байхгүй бол эмнэлэг хүлээж авч үйлчлэхээс татгалзана. Хүлээж авлаа гэхэд гарах зардлыг эрүүл мэндийн даатгал бус хувь хүн өөрөө хариуцна. Өрхийн эмчийн шилжүүлэгтэй бол эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийнэ, үр дүнг өвчтөн илгээсэн өрхийн эмчид эргэж мэдээлж  өрхийн эмчийн хяналтанд оруулна. Эмчилгээний зарлдыг хувь хүнээс бус даатгалын байгууллагаас нэхэмжилж авна. Зарим оронд өрхийн эмч нь хаалгач (gate keeper) болж өвчтөний зардлыг илгээсэн эмэнэлэг рүү шилжүүлэх эрхтэй байдаг. Өвчтөн илгээх үйл ажиллагаа буюу Patient Referral арга хэлбэр хаана ч мөрдөгддөг. Ингэснээр иргэдийн эрүүл байх, хамгийн ойр үйлчилгээ авдаг газар нь анхан шат болж энэ хэрээр эмч, өвчтөн хоорондын харилцаа, хариуцлага улам сайжирдаг байна[6].

Эрүүл мэндийн даатгал манай улсад нэвтэрснээр шатлал баримтлах үйл ажиллагааг улам тодорхой болгож 13А маягтыг сүүлийн жилүүдэд мөрдөж байв. Үүнийг эсэргүүцэхийн өмнө олон талын ач холбогдлыг эхэлж харах, ойлгох нь чухал юм. Дээр дурдсанчлан шатлал мөрдсөнөөр эрүүл мэндийн салбар болоод иргэдэд тусах санхүүгийн дарамт бага байхаас гадна анхан шатны тусламж, үйлчилгээг улам хөгжүүлж бэхжүүлэх, дээд шатлалын ачааллыг бууруулж зөвхөн хэрэгтэй хүмүүс эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэхэд сайн нөлөөтэй. Зарим хүмүүс эмнэлэгт очвол тэнд сайн эмч бий, өнөөдөр эмнэлэгт цаг аваад маргааш нь очоод үзүүлвэл шуурхай сайн үйлчилгээ, өрхийн эрүүл мэндийн төвийг эмнэлэг болгон хувиргаж эмнэлэгт үзүүлдэг тусламж, үйлчилгээг өрхөөс авдаг болох нь хөгжил мэт буруу ойлгох явдал байна. Өрхийн үйлчилгээг хөгжүүлнэ гэдэг түүнийг эмнэлэг болгох биш харин анхан шатны үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх бүх боломжийг нэмэгдүүлж иргэдийн эрүүл мэндийг хянах, сайжруулахад ахиц гаргахад л чиглэгдэх учиртай.   Манай улс 2021 оноос эрүүл мэндийн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр эрүүл мэндийн санхүүжилтэд эрүүл мэндийн даатгалын үүрэг ихээхэн нэмэгдлээ. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг дэмжих, сайжруулах бодлогын хүрээнд өрхийн эмчийн тогтолцоог тууштай дэмжсэнээр санхүүжилт нь бараг 2 дахин нэмэгдээд байна. Энэ бодлого цааш тууштай үргэлжилж байж бид үр дүнг мэдрэх болно.

Анхан шатанд суурилсан эрүүл мэндийн тогтолцоо

Анхан шатны тусламжийн бодлого, түүнд суурилсан тогтолцоогүй улс орон гэж өнөөдөр дэлхийд байхгүй. Харин энэ тогтолцоо нь хэрхэн яаж ажиллаж байна гэдэг талаас харвал алдсан, оносон сургамж бий. Анхан шатны тусламж сайн хөгжсөн орны хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт, хүрсэн түвшинг гаргасан зардалтай харьцуулж харахад харьцангуй бага зардлаар өндөр үзүүлэллтэй болсон байдаг. Ийм орны жишээнд Азиас Малайз, Шри Ланка улсыг дурдаж болно. Өрхийн эмчийн тогтолцоогоор тусламж, үйлчилгээг дамжуулж үзүүлдэг практик олон жил хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа орны тоонд Англи, Герман улс орно. АНУ ч өрхийн эмчийн тогтолцоо сайн хөгжсөн орны нэг. Хэрэв анзаардаг бол эрүүл мэндийн чанартай зар, сурталчилгааны төгсгөлд үүнийг та өөрийн эмчтэйгээ зөвлөөрэй (consult it with your doctor) гэж тогтмол сануулж байдаг. Манай урд хөрш 2000 оны эхээр тулгарсан SARS халдварт өвчнөөс сургамж авч эрүүл мэндийн байгууллагын төсвийг хасч корпораци хэлбэрээр өөрсдөө хөрөнгө оруулалт татаж орлого олох, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хоорондоо өрсөлдөж өвчтөн татах, ашигтай ажиллахыг дэмжсэн бодлогоо эрс өөрчилж эрүүл мэндийн анхан шатны тусламжаар дамжсан төрийн санхүүжилтэнд анхаарч ирсэн нь Ковид-19 цар тахлыг даван туулахад эерэгээр нөлөөлөв.

Женев хотноо энэ оны 10 сард Ковид 19-ийн туршлага, сургамжийн асуудлаар ДЭМБ, ОУХБ хамтарч дахин гарч болзошгүй цар тахлаас сэргийлэх, авах хариу арга хэмжээний бэлтгэл хангах асуудлаар зохион байгуулсан олон улсын хурал эрүүл мэндийн анхан шатны тусламжийг бэхжүүлж иргэдийг санхүүгийн хүндрэлд орохоос хамгаалсан эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тогтолцоог эрс сайжруулах шаардлагатайг онцлов[7]. Хурлын үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ач холбогдлыг олон талаас хэлэлцэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний давхардал, үргүй зардлыг бууруулах, зардлын үр дүнг нэмэгдүүлэх, иргэдийн оршин суугаа орон нутаг, байршилд тусламжийг ойртуулах, хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, нэгдмэл цогц байдлыг хангахад чухал нөлөөтэйг онцлов.        

Манай улсын хувьд иргэд шатлал мөрдөхгүй алгасч тусламж, үйлчилгээ авах нь хэд хэдэн сөрөг үр дагаварт хүрэх эрсэдэлтэй юм. Юуны өмнө эрүүл мэндийн санхүүжилтийн гол эх үүсвэр болсон улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын орлого, хуваарилалт хязгаартай учраас зардлаа хөөж гүйцэхгүй зөрүү гарч энэ нь өвчтөн дээр тусч хяналтгүй хувийн төлбөр нэмэгдэж иргэд ядуурах том эрсдэл байгааг анхаарахгүй байж болохгүй. Шатлал дамжсан, алгассан тусламжийг манайд зонхилон тохиолдож буй халдварт бус 3 өвчний мэдээлэл дээр хийсэн судалгаа 2021 онд олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд энэ судалгаа зохих шатлалаар дамжиж байгаа тусламж, үйлчилгээний өртөг, зардал шатлал алгассан тохиолдлоос бага байгааг тогтоосон болно[8]. Шатлал алгасахыг багасгах нь хувь хүн болоод өвчтөний гэр бүлийн аж амьжиргаанд нөлөөлөх эмчилгээний төлбөр, зардал, цаашлаад төсөв, даатгал дээр буух санхүүгийн дарамтыг бууруулах явдал гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.  Үүнээс үүдээд эрүүл мэндийн системийн түвшинд гарах зардал, байгаа нөөцөө зөв хуваарилж үр үр дүнтэй ашиглах нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл юм. Хувь хүний хувьд эрүүл мэндийн байдлаас болж цалин, орлого буураад зогсохгүй эмнэлгийн тусламж авснаар ядуурах эрсдэл өндөр байгааг олон судлаачид анхааруулсан байдаг. ДЭМБ-ын 2021 оны үнэлгээгээр дэлхийд 1 тэрбум хүн өрхийн орлогын 10 хувиас давсан зардлыг эрүүл мэндэд төлж жилдээ 344 сая хүн туйлын ядуурал (extreme poverty)-д орж байгааг тогтоогоод байна[9].

Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа           

Дээр дурдсан эрүүл мэндийн анхан шатны бодлого, тусламж, үйлчилгээний шатлал, багц үйлчилгээ, тогтолцоо, санхүүжилт цоо шинэ асуудал биш юм. Анхан шатны тусламжийн өртөг, зардал хямд, үр дүн өндөр, бага зардлаар олон хүнд хүрч нийгэмдээ эерэг нөлөө үзүүлдэг, ямар эмчилгээнд хөрөнгө оруулвал ямар үр дүнд хүрэх боломж, тооцоо, үндэслэл, нотолгоо, мэргэжлийн судалгаа, үр дүнд тулгуурласан зөвлөмж, баримт бичиг, ном, товхимол, мэдээлэл өнөөдөр улам нэмэгдэж байна. Харин мэргэжлийн болоод текникийн хувьд ингэж эрчимтэй хөгжиж, төгс боловсорч буй асуудлыг бодлого болгон хэрэгжүүлж үр дүнд хүрэх явдал яагаад харилцан адилгүй байгаа шалтгаанд нийтээр анхаарах нь цаг нэгэнт болсон санагдаж байна. Энд олон хүчин зүйл байж болох ч гол суурь нь эргээд хүний хүчин зүйл гэж үзэх үндэстэй юм. Яагаад гэвэл аливаа асуудлыг дэвшүүлэх, шинэ өөрчлөлт хийхэд хувь хүний ашиг сонирхол, оролцоо, үлгэрлэл, манлайлал чухал үүрэгтэй. Энэ нь цаашлаад нэг хамт олон, байгууллага, мэргэжлийн холбоод, салбарын болоод иргэдийн санал бодол, сонирхол, эрх ашигт нөлөөлж улмаар улс төрийн утга агуулгатай болох нь цөөнгүй. Гэхдээ олон янзын сонирхол, эрх ашиг бүгд нэг цэг дээр огтолцох боломжгүй  учраас үзэл бодол, ашиг, сонирхолын зөрүү үүсдэг. Үүнээс болж зарим хүмүүс тухайн асуудлыг дэмжиж, оролцож байхад зарим нь янз бүрийн хэлбэрээр эсэргүүцдэг.  Үүнийг бүхэлд нь улс төр гэж томоор ойлгож болох юм. Ямарч тохиолдолд хүний эрүүл мэнд бүх хүнд хамаатай тул хүссэн хүсээгүй эрүүл мэндийн асуудал олны анхааралд орж улс төрийн сэдэв болж хувирдаг. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтэд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болох магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын хөгжил зөвхөн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, чадвар бус салбарын дотор болон гадна байгаа хүмүүсийн үзэл бодол, хүсэл сонирхол, эрх ашгаас ямар нэг хэмжээгээр хамаарна гэсэн үг. Эдгээр асуудлыг цааш судалж баталгаажуулж, бодлогын зөрүүтэй асуудлыг хэрхэн яаж хэлэлцэж зохицуулах, шийдэх арга зам, гарц, хамтын ажиллагааны тухай бид ярихгүй байж боломгүй байна. Дур зоргоороо санаанд орсон юмаа ярьж, цэцэрхэж, маргалдаж бусдаас илүү мэтээр олонд харагдаж дэмжлэг авах гэж оролдох, бүгдийг мэднэ гэсэн итгэл, эрх мэдэлд хэт автаж бусдыг үгийг сонсохоо болих, мэдлэгээ сэлбэж цаг үетэйгээ хамт байж шинэ юм хүлээж авах чадваргүй болох нь аливаа хөгжлийн том саад бөгөөд үүнийг бид шуудайнд хийсэн үхрийн эвэртэй адилтгаж зүйрлэдэг.

Ийм байдалд орхогүйн тулд эрүүл мэндийн салбар дотроо эрүүл мэндийн систем, тогтолцоо, удирдлага, эдийн засаг, санхүүжилт нь анагаахын төрөлжсөн мэргэжилтэй яг адил тусгай мэдлэг, мэргэжил шаардсан шинжлэх ухаан гэж ойлговол зохилтой. Дараагийн шатанд мэргэжлийн оногдсон ажил, үүргээ бүгд дор бүрнээ өндөр бүтээлтэй хийж, хамтран ажиллаж байж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ. Зүйрлэвэл хүний эрүүл мэнд клиникийн зөвхөн нэг мэргэжлээс хамаарч нэг эмч бүх өвчнийг мэдэж оношлоод, эмчлээд байдаггүй харин бүгд өөр, өөрийн мэргэжлийн чиглэлээр оношилж, эмчилж, сэргийлж, хамтарч байж эрүүл мэндийг цогцлон бүтээгдэгтэй адил юм.    

Нийт ард иргэдийн хувьд эрүүл мэнд бол эрэлт, нийлүүлэлтээр шууд зохицуулагдаггүй ихээхэн өвөрмөц зах зээл гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хамгийн наад зах нь сонгодог бараа, үйлчилгээ шиг хэрэглэгч өөрөө авах бараагаа хараад, амсаж үзээд, барьж, үзэж мэдрээд, сонгоод би ийм тусламж, үйлчилгээ, эмчилгээ авья гэж эрэлт үүсгэдггүй зөвхөн эмчийн зөвлөлгөөг дагадаг. Мэдээллийн энэ өрөөсгөл байдал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо, хэмжээнд эмч өөрөө шууд нөлөөлөх орон зайг үүсгэдэг. Олон улсын жишгээс харахад санхүү, эдийн засгийн сонирхол дор эмч нар клиникийн хувьд зайлшгүй шаардлагатай бус, өндөр үнэтэй эмчилгээ, үйлчилгээнд илүү ач холбогдол өгөх, эсвэл олон дахин давталттай, төлбөртэй үзлэг хийх боломж нээлттэй байдаг. Үүнийг эмчлүүлэгч өөрөө мэдэж хянах боломжгүй тул санхүүжүүлэгч байгууллага, тухайлбал эрүүл мэндийн даатгал энэ асуудлыг хариуцаж даатгалтай иргэдээ хамгаалж, авч байгаа тусламж, үйлчилгэний чанарт хяналт тавьж ажиллах үүрэг хүлээдэг.    

Бодлогын болоод бусад шийдвэр гаргах түвшинд өрнөх яриа, хэлэлцүүлэгт нэг зарчим байх учиртай. Хөндөж буй асуудлын хувьд янз бүрийн ашиг, сонирхол бүгд зөвхөн нэг эсвэл нэг хэсэг, бүлэг хүмүүс, ганц салбар биш харин нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах нэг эрхэм зорилго, туйлын эрх ашигт захирагдах учиртай.  Ийм нэгдсэн нэг зорилго,  зарчим дор Сангийн яам эрүүл мэндийн салбарт төсөв нэмэх тухай, Эрүүл мэндийн яам тогтолцооны үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэнд, санхүүжилт, зардлын үр дүнгийн тухай,  Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам нийгмийн хамгаалал, ядуурал бууруулах тухай, Хүнс хөдөө, аж ахуйн яам хоол, хүнсний баталгаат байдлын тухай, Зам тээврийн яам хотын түгжрэл, стресс бухимдал, автын осол, гэмтэл, аюулгүй байдлын тухай, Байгал, орчны яам агаарын бохирдол, сөрөг нөлөөлөл, өвчлөлийн тухай хамтадаа нэг дор ярьж байж манай улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн олон асуудлыг шийдэж нийт хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэнд том ахиц, амжилт гаргаж чадна.

Ийм учраас мэргэжлийн хүмүүс болоод олон нийт, салбар хоорондын харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа, үлгэрлэл, манлайллаа сайжруулах талаар бид дорвитой алхамууд хийх цаг болжээ. Олон улсын жишгийг харвал гурван зүйлд их ач холбогдол өгч байна. Энэ нь товчдоо бүх сонирхогч, оролцогч талууд бүгд үнэн зөв, нэг ижил мэдээлэл ашиглаж тухайн асуудлыг олон өнцгөөс нухацтай харсан ил тод яриа, ярилцлага өрнүүлэх замаар мэргэжлийн оролцоотой, нотолгоо, үндэслэлтэй бодлогын шийдвэр гаргах явдал юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг бид дагаж бусдын алдааг давтахгүй бусдаас суралцаж, сургамж авч, өөрийн туршлага, ололт амжилтаа бусадтай хуваалцаж, хэлэлцүүлж санал, бодлыг нь авч, тусгаж мэргэжлийн түвшинд үр дүнтэй хамтарч ажиллах нь өнөөгийн хөгжлийн нэг онцлог гэдгийг анхаарлын гадна орхиж  боломгүй байна.

 


Ашигласан материал: 

[1] Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх, ном, хуудас 63, Улаанбаатар хот, 2023 он. 

[2] Sustainable Development Goals by 2030. https://sdgs.un.org/goals

[3] Global Health Expenditure Database, WHO 2022. https://apps.who.int/nha/database

[4] International Classification of Diseases, ICD -11, https://www.who.int/standards/classifications/classification-of-diseases

[5] Эрүүл мэндийн үзүүлэлт 2022 он. Эрүүл мэндийн Хөгжлийн Төв. http://hdc.gov.mn/media/files/2022.pdf

[6] The effectiveness of different patient referral systems to shorten waiting times for elective surgeries: systematic review. https://bmchealthservres.biomedcentral.com/articles/10.1186/s12913-021-06140-w

[7] Universal social protection needed for prevention, preparedness and response to the next pandemic https://www.ilo.org/secsoc/press-and-media-centre/news/WCMS_898190/lang--en/index.htm

[8] The costs of inappropriate referral pathways in inpatient care for three major noncommunicable diseases in Mongolia: a national registry-based analysis. https://research.rug.nl/en/publications/the-costs-of-inappropriate-referral-pathways-in-inpatient-care-fo

[9]Tracking Universal Health Coverage: 2023 Global monitoring report, WHO 2023. https://www.who.int/publications/i/item/9789240080379

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652290
6 эможи

Наранбат
2023-10-30 20:45
Сайн нухацтай уншиж судалцгаая
keyboard_arrow_up