Хоёрдугаар эмнэлэг 45 дахь “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-аар эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлсэн шинэ технологи, ОЛОЛТ, АМЖИЛТАА хэлэлцэж байна
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрдмийн чуулган"-аа 45 дахь жилдээ зохион байгуулж байна.
Эрдмийн чуулганы нээлтийн үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал А.Шийрэвнямба болон УХТЭ-ийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Үүнээс гадна энэ удаагийн эрдмийн чуулганд хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ирж оролцсоноос гадна цахимаар оролцож байгаагаараа онцлог юм.
Энэ үеэр УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Д.ЦОГТ-ОЧИР хэлсэн үгэндээ "Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс жил бүр зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган” 45 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн эрдмийн чуулганд эмч, мэргэжилтнүүдээс нийт 48 илтгэл ирснээс бид 28 бүтээлийг аман болон ханын хэлбэрээр хэлэлцүүлж байна. Энэ удаагийн чуулганд хэлэлцүүлж буй ханын илтгэлийг бид хэвлэлгүйгээр E Poster хэлбэрээр хүргэж байна. Үүнээс гадна энэ удаагийн эрдмийн чуулганд сувилахуйн багийг оролцуулсан бөгөөд нийт 10 илтгэл ирснээс өнөөдөр таван илтгэлийг аман хэлбэрээр хэлэлцүүлж байна.
Үүнээс гадна манай эмнэлэг нь зүүн бүсийн таван аймаг, нийслэлийн гурван дүүргийн иргэдэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд Сүхбаатар, Хэнтий аймаг болон Багануур дүүргээс төлөөлөл ирж оролцохоос гадна эмч, мэргэжилтнүүд нь цахимаар тус хуралд оролцож байгаагаа онцлогтой болж байна.
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Я.Энхтөр:
УХТЭ-ийн Эрдмийн чуулганд урилгаар оролцон шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаадаа баяртай байна. АШУҮИС нь УХТЭ-тэй хамтран ажиллах санамжийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажлыг шүүх завшаан олдож байна. Өнөөдрийн эрдмийн чуулганд оролцож байхад тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн хамт олон нь эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээндээ олон шинэ технологийг нэвтрүүлж, судалгаа шинжилгээг өндөр түвшинд хийж, эмч мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан анагаах ухааны дүн шинжилгээг гаргаж ололт амжилтаа хэлэлцэж байгааг харахад таатай байна.
УХТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилчид өөрсдийн хийсэн, цаашид хийх олон эмчилгээ, технологи дээр дэвшил гаргах нь энд ирсэн бүтээлүүдээс харагдаж байна.
Эмчилгээ, үйлчилгээг нэг эмнэлэг дээр төвлөрүүлэх биш олон эмнэлэг дээр хуваарилан байрлуулах ажлын хүрээнд УХТЭ нь маш олон эмчилгээ, үйлчилгээ, технологийг нэвтрүүлж байгаа нь харагдаж байна. Жишээлбэл тархины судсан доторх эмчилгээ, элэг, цөс, бөөр, урологийн хавдрын мэс заслыг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа нь дэвшил гэж харж байна.
УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр А.Ханхонгор:
УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасаг энэ удаагийн эрдмийн чуулганд “Бөөрний хорт хавдрын үед хийгдсэн дурангийн мэс заслын судалгаа” сэдэвт илтгэлээ танилцууллаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай тасаг нийт 100 тохиолдолд дурангийн аргаар бөөрийг бүтэн авах болон тайрах мэс заслыг хийгээд байна. 2022 онд бид бөөрний хавдрын хэмжээнээс хамаарахгүйгээр хүрц сайтайгаар, өвчтөнд ил, том шарх үлдээлгүйгээр мэс заслыг хийх нь зорилт тавьсан бөгөөд энэ зорилтдоо хүрч ажиллаж байна. Үүнээс гадна лазерын аппаратаар бөөрний чулуу бутлах мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ 11 дүгээр сард тоног төхөөрөмжөө хүлээн авч, энэ төрлийн мэс заслыг эхлүүлэхээр болсон.
Цаашид бид бөөр шилжүүлэн суулгах мэс засал, түрүү булчирхайг лазераар эрсдэл багатайгаар авах мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дүрс оношилгооны төвийн ангиографийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр В.Гантулга:
УХТЭ-ийн 45 дахь Эрдмийн чуулганд “Тархины судасны цүлхэнд WEB болон Contour багажаар судсан дотуурх мэс заслын үр дүн, харьцуулалт” сэдэвт илтгэлийг эмч, мэргэжилтнүүддээ танилцууллаа. Тархины судсан дотуурх мэс засал нь өвчтөнд зовуурь, шаналгаа багатай эмчилгээний арга юм. Бидний судалгааны үр дүнгээс харахад өмнө нь хэрэглэж байсан мэс заслын аргаас өвчтөндөө болон эмч, эмнэлгийн ажилтанд гарч байгаа сөрөг үр нөлөө харьцангуй багассан нь харагдсан. Жишээлбэл туяа, тодосгогч бодисны ачаалал багасах, мэс заслын хугацаа богиноссон байна. Судсан дотуурх мэс засал хөгжөөд 20 гаруй жил болж байна. өмнө нь оношилгоонд л ашигладаг байсан бол өнөөдөр мэс засал хийх хэмжээнд хүрч хөгжсөн байна. Тархины судсан дотуурх мэс заслыг 2014 оноос хийж эхэлсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд УНТЭ, УХТЭ-т энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирсантай холбоотойгоор мэс заслын тусламж, үйлчилгээ сайжирч байна. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 500 орчим судсан дотуурх мэс заслыг хийгээд байна.