ХӨСҮТ: Өвчин эмгэгийг дан ганц эмээр биш тохирсон хоол хүнсээр эмчилж байж эмчилгээ үр дүнтэй болдог
Жил бүрийн аравдугаар сарын 20-нд дэлхийн олон оронд “Тогооч нарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн хоолны нийгэмлэгүүдийн холбооноос 2004 онд санаачлан тэмдэглэх болсон уг өдрийг угтан Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн тасгаас өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлыг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч С. Оюунгэрэл, Сэтгэл зүйч Я.Батхүү болон эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо.
Өдөрлөгийг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлыг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “Өвчин эмгэгийг дан ганц эмээр биш тохирсон хоол хүнсээр эмчилж байж эмчилгээ үр дүнтэй болдог. Манай эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн тасаг нь хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд тохирсон хоол хүнсийг зөвлөхөөс гадна бэлтгэж өгдөг.
Эмчилгээний үр дүнг бодитой болгоход хамгийн том тус хүргэдэг тус тасгийн хамт олонд Дэлхийн тогооч нарын өдрийн мэндийг хүргэе.” хэмээлээ.
Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч С. Оюунгэрэл:
ХӨСҮТ-ийн гал тогооны тасаг нь анх 1986 онд Халдварт өвчин ангаах клиник нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өнөөдөр манай тасаг нь нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй, тогооч нарын ес нь эмчилгээний хоолын чиглэлээр мэргэшсэн. Бид үйлчлүүлэгч нарт эрүүл, чанартай эмчилгээний хоолыг хүргэх, эмчилгээний хоолны төрлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
2018 оноос Хоол үйлдвэрлэлийн тасаг болон өргөжиж, нийт 500 гаруй хэвтэн эмчлүүлэгчдээс гадна эмч ажилчдад шим тэжээлтэй хоолоор ханган ажиллаж байна.
Иргэддээ уриалахад амтлагч ихтэй, түргэн хоолоос аль болох татгалзах, хэвтэн эмчлүүлж буй хугацаандаа эмчилгээний хоолны дэглэмийг баримталж, гаднаас хурц хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна.