ХӨСҮТ: Улирлын томуугийн эсрэг ДАРХЛААЖУУЛАЛТ хийж байна
Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.
Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байна.









