“Бөөрний электрон микроскоф“-ийн тусламжтайгаар бөөрний дутагдалд залуугаараа орох тохиолдлыг бууруулах боломжтой
Монгол Улсад өнөөдрийн байдлаар бөөрний дутагдалд орж диализийн эмчилгээ хийлгэж буй 1000 гаруй өвчтөн байна. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт дөрвөн цагаар гурван удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.
Тэгвэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг АНУ-ын John Hopkins-ын их сургуультай хамтран “Бөөрний эдийн шинжилгээнд үндэслэн бөөрний өвчнийг оношлох, эмчлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар Мембран нэвчдэст гломерулонефрит өвчний оношилгоо эмчилгээ, эмгэг судлалаар илрэх өөрчлөлт, Люпус нефрит өвчний оношилгоо эмчилгээ, зүрх бөөрний хам шинж, IgA өвчний үед эмгэг судлалаар илрэх өөрчлөлт зэрэг сэдвээр илтгэл тавьж, эмч нарт сургалт орох юм.
УХТЭ-ийн Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч С.Байгалмаа:
Бөөрний архаг дутагдалд орж байгаа өвчтөнд гемодиализ, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах мэс засал гэсэн гурван төрлийн эмчилгээг хийдэг. Бид өвчтөнийг бөөрний дутагдалд орчихсон хойно нь эмчилж байна. Бидний зорилго нь дутагдалд орохоос нь өмнө нь, хэрэв бөөрний өвчин илэрсэн бол бөөрний дутагдалд оруулахгүй байх тал дээр нь анхаарч ажиллаж байна. Дэлхий даяар хийгдсэн судалгаагаар бусад орны иргэд бөөрний дутагдалд орж байгаа дундаж нас нь 66-67 байдаг бол манай улсын судалгаагаар 49 настайгаар бөөрний дутагдалд орж байна.
Бөөрний дутагдалд орж байгаагийн хамгийн том шалтгаан нь чихрийн шижин, артерын даралт ихсэлт, түүдгэнцэрийн өвчин байдаг. Улс орон даяар хийгдэж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор бөөрний өвчин маш их оношлогдож байна. Тийм учраас бид энэ төрлийн эмчилгээгээ улам сайжруулахын тулд эдийн шинжилгээг авдаг болох шаардлагатай байна.
Энэ чиглэлээр манай эмнэлэг АНУ-ын John Hopkins-ын их сургуультай таван жилийн турш хамтран ажиллаж байна. энэ жил бөөр болон эмгэг судлаач эмч нарыг авчирч тав хоногийн сургалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар бөөрний эд, эсийг хэдэн мянга дахин томруулдаг электрон микроскоф байхгүй байна. Уг нь эмчилгээ, үйлчилгээнд нэвтрээд маш олон жил болсон. Энэ төхөөрөмжийг Монгол Улсад нэвтрүүлвэл бөөрний дутагдалд залуугаараа орох тохиолдлыг бууруулах боломжтой. Үүнээс гадна бөөрний эмгэг судлаач эмч бэлтгэгдээгүй байна. Тийм учраас бид энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна.
John Hopkins-ын их сургуулийн профессор Mohamed Atta:
Би Монгол Улсад тав дахь удаагаа ирж, эмч нарт зориулан сургалт зохион байгуулж байна. Монголын бөөрний эмч нарын ур чадвар, хичээл зүтгэл намайг таван удаа Монгол Улсад ирэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Бөөрний өвчний эмчилгээнд эдийн шинжилгээ маш чухал байдаг. Анх ирснээс хойш маш олон бөөрний эдийн шинжилгээг хийсэн байна. Энэ нь сайшаалтай боловч анх ирэхэд бөөрний эдийг хардаг электрон микроскоф байгаагүй. Тав дахь удаагаа ирэхэд ч мөн байсангүй. Бөөрний эдийн шинжилгээнд дээрх төхөөрөмж хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус төхөөрөмжийг авч, эмчилгээндээ нэвтрүүлснээр энэ төрлийн эмчилгээний чанар сайжирна. Эмч нарыг ойролцоогоор зургаа орчим сарын хугацаанд л бэлтгэх боломжтой.
Чихрийн шижингийн шалтгаантай бөөрний хүндрэлийг шээсний шинжилгээний тусламжтайгаар оношлох боломжтой бол түүдгэнцэрийн эмгэгийг илрүүлэхийн тулд бөөрлүү хатгаж, микроскофоор харж л оношлох боломжтой аж.
Түүнээс гадна түүдгэнцэрийн эмгэгээс үүдэлтэй бөөрний дутагдал нь эмчлэхэд гаж нөлөө ихтэйгээс гадна буцаж сэдрэх, удаан хугацааны химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг аж.