Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 60 орчим сэтгүүлчийг “ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшүүлэх“ сургалтад хамрууллаа
Глобаль сангийн дэмжилэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд "Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө" ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран сэтгүүлчдийг чадавхжуулах, сүрьеэ өвчний талаарх мэдээллийг түгээх зорилгоор "Сэтгүүлчдийг ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшүүлэх" сургалт, уулзалтыг 09,10 дугаар сард хоёр удаа зохион байгууллаа.
Уг хоёр удаагийн сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 60 орчим сэтгүүлч, ажилтнууд хамрагджээ.
Сургалтыг ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны их эмч, АУ-ны доктор П.Үнэнчимэг ХӨСҮТ-ийн Халдвартын их эмч Б.Дөлгөөн нар удирдаж, ХДХВ/ДОХ-ын халдварын нөхцөл байдал болон сүрьеэ, томуугийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны их эмч П.Үнэнчимэг " Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 364 болсон. Эхний хагас улирлаар 358 байсан бол гуравдугаар улиралд шинээр зургаан тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 363 болсон.
ХДХВ-ийн халдвартай хүний тоо Монгол Улсад 645 байх боломжтой гэх барагцаалсан тооцоолол гарсан. Тэгэхээр тооцоолсноос 364-ийг оношилчхоод байна гэсэн үг. Энэ онд шинээр оношлогдох тохиолдлын тоо 34 байх боломжтой гэж үзсэнээс өнөөдрийн байдлаар 18-г нь оношилсон.
Жилээс жилд тоо нэмэгдээд байна гэдэг. Тооцооллоор бол их нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ нийт хүн ам өөрсдөө шинжилгээнд хамрагдахгүй бол мэдэгдэхгүй. Хүн бүрийн оролцоо чухал. Эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж эхэлснээс хойш ХДХВ-ийн халдвараар орон нутгаас хоёр, Улаанбаатар хотоос хоёр гээд нийт дөрвөн тохиолдол оношлогдсон. Шинжилгээг 21 аймаг, бүх дүүргүүдэд буюу хаана ч үнэ төлбөргүй өгөх боломжтой." гэдгийг энэ үеэр онцоллоо.
ХӨСҮТ-ийн халдвартын их эмч Б.Дөлгөөн " Сүрьеэ өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал өнөөдрийг хүртэл байсаар л байна. Энэ нь хүмүүсийн сүрьеэ өвчний талаарх мэдлэг дутмаг байгааг харуулж байгаа юм.
Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд 14-21 хоногийн хугацаанд эмчилгээгээ эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах шаардлагагүй.
Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа зургаан сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.
Саяхныг хүртэл бид олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болсон.
Сүрьеэ өвчнөөр стресст өртсөн, хорт зуршилтай, хоол тэжээлийн дутагдалд орсон, 5-аас доош насныхан болон 65-аас дээш насныхан болон олдмол болон төрөлхийн дархлал дуталтай хүмүүс өртөх магадлал их." гэв.
Мөн тэрбээр " Улирлын томуу болон томуу төст өвчнийг улирлаар нь авч үзэхээр аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Оргил үе нь 1-3 дугаар сард таардаг. Энэ үед 0-4 насны хүүхэд болон 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст хүндэвтэр болон хүнд хэлбэрээр, мөн нэг талын болон хоёр талын уушгины хатгалгаа хэлбэрээр явагддаг.
Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэж байгаа. Зургаан сартайгаас эхлээд, 65-аас дээш насныхан томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдаарай.
ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 4-6 хүн ирж үзүүлээд зөвлөгөө авч байгаа. Бидний зүгээс жирэмсэн, бага насны хүүхэд, хавсарсан өвчтэй өндөр настан гэх мэт эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ нарийвчлан авч үзээд хэвтэх шаардлагатай бол хэвтүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д КОВИД-оор эмчлэгдэж байгаа 23-25 өвчтөн бий. Ер нь Монгол Улсад КОВИД-19 бол байсаар байгаа. ДЭМБ КОВИД-19-ийг уушгины хатгалгаа, ханиад гэх оношоор сольчихсон. Тэгэхээр уушгины хатгалгаа, ханиад оношоор эмчилж байгаа." гэдгийг хэлэв.
2022 онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байна. Сүрьеэгийн тохиолдлын 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насныхан, эдгээр иргэдийн 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Ташрамд дурдахад, Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр бол Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл юм. Тус төсөл нь 2003 оноос эхлээд Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.