Дүрс оношилгооны салбарын “Outreach programme-2023“ олон улсын сургалтыг Монголд зохион байгуулж байна
"Дүрс оношилгооны 7 хоног" олон улсын сургалт өнөөдөр /2023.10.02/ Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт эхэллээ.
Олон улсын "Outreach programme-2023" сургалтыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, Ази, номхон далайн орнуудын зүрх судас интервеншналь, радиологийн нийгэмлэгтэй хамтран Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна.
Гурван өдрийн турш үргэлжлэх тус сургалтад олон улсын зочин профессорууд илтгэл танилцуулахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн дүрс оношилгооны салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалтын нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал хэлсэн үгэндээ, " Олон улсын сургалтыг УХТЭ-ийн зүгээс хамтран зохион байгуулах болсонд талархалтай байна.
УХТЭ нь захын судас, мэдрэл болон зүрхний судасны доторх эмчилгээ, оношилгоог олон улсын түвшинд үзүүлж, улсын хэмжээнд энэ төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
Мөн манай эмнэлэг ангиографийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтыг гурав дахь жилдээ амжилттай явуулж байна.
Бид өнөөдрийн сургалтаар дамжуулан дүрс, оношилгооны эмчилгээ, оношилгоог олон улсын түвшинд хийдэг болсныг олон улсад харуулах боломж бүрдэж байна. Нөгөө талаас Ази, номхон далайн орнуудын Интервеншналь Радиологийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний туршлагыг өөрийн эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Өнөөдрийн олон улсын сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс гадна хөдөө орон нутгийн эмч нар цахимаар оролцож байна" гэдгийг онцлов.
Монголын интервеншналь радиологийн нийгэмлгийн ерөнхийлөгч, АУ-ны доктор дэд профессор Б.Эрдэнэбулган " Өнөөдрийн сургалтыг УХТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна.
Сургалтаар ангиографийн чиглэлийн онолын лекцүүдийг гадны зочин судлаач, профессорууд танилцуулна.
Гурван өдөр үргэлжлэх сургалт нь салбарын цаашдын хөгжил чиг хандлагыг тодорхойлох маш чухал сургалт болно.
Энэхүү сургалтыг Ази, номхон далайн орнуудын Интервеншналь Радиологийн нийгэмлэг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхний сургалтыг 2020 онд Мьянмар улсад зохион байгуулсан бол өнөөдөр хоёр дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулж байна." гэв.