Халдварт өвчин ба ялган оношлогооны чиглэлээр 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ эхэллээ
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас "Халдварт өвчин ба ялган оношлогооны чиглэлээр хүүхдийн эмч нарыг чадавхжуулах" сургах багш бэлтгэх сургалтыг 2023 оны 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн нийт 30 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Тус сургалтыг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн салбар, Сүрьеэгийн тандалт судалгааны алба, ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан сурагч эмч, мэргэжилтнүүд орон нутагт очиж сургалт зохион байгуулах юм.
Сургалтыг нээж ЭСИТ ТББ-ын гүйцэтгэх захирал, Клиникийн профессор, хүний гавьяат эмч М.Тунсаг үг хэлж, энэ удаагийн сургалтаар хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд тулгамдаж буй асуудлын талаар орон нутаг, дүүргийн эмч нартай санал солилцон, нэгдсэн нэг ойлголттой болох ач холбогдолтой гэдгийг онцлов.
Энэ удаагийн сургалт нь томуу, томуу төст өвчний сэргийлэлт, эмнэл зүй, эмчилгээний удирдамж, улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн эрүүл мэндийн байгууллагын авах арга хэмжээ, хүүхдийн сүрьеэгийн оношилгоо, сүрьеэгийн далд халдвар, урьдчилан сэргийлэх эмчилгээ, хүүхдэд зонхилон тохиолдох тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.