Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарласан талаар өмнө нь мэдээлсэн.Тэгвэл тарваган тахал өвчнөөр өвчилсөн иргэн булчирхай хэлбэрээр өвчилсөн нь батлагдлаа.
Мөн өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан.
Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс хэсэгчлэн хөл хориог нээх шийдвэр гаргав. Улиастай сумаас гарах болон Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг нээж эхлэв.
Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэв.
Тарваган тахлын голомт өндөр идэвхжилтэй байгаа учир иргэд тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байхыг аймгийн Онцгой комисс анхааруулж байна