“Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 90 гаруй байгууллага оролцож байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023-09-22/ “Мишээл экспо”-д боллоо.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Ш.Энхтуяа, АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, доктор, профессор н.Энхжаргал, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, "Мишээл экспо" компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа болон бусад зочид төлөөлөгчид оролцож байна.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд БНСУ, БНХАУ-ын 17 компани, 30 гаруй орны эм, эмнэлгийн хэрэгслийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг,эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагууд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, зөвлөгөө өгнө.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд " “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнг 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын үзэсгэлэн хэлбэрээр өргөжүүлснээрээ онцлог болж байна.
Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Их жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр Цэргийн төв эмнэлгийн дэргэд анхны эмийн сан 1923 оны аравдугаар сарын 25-нд байгуулагдсанаар эм хангамжийн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн тус салбарын нэгэн зууны хөгжил дэвшлийг харуулах болно.
Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнд 30 орчим улс, орны төлөөлөгчийн газар, БНСУ, БНХАУ-аас 19 ханган нийлүүлэх байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага 49 оролцож байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд 16 эрүүл мэндийн байгууллага шинээ нэвтрүүлсэн эмнэлгийн технологи, тоног төхөөрөмжийг танилцуулж, харилцан туршлага солилцож байна.
Маргааш олон улсын эрдэм шинжилгээний хурлууд хийгдэнэ. Тухайлбал,“Эм зүйн салбарын хөгжил ба шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн тавдугаар чуулга уулзалт болж, олон улсын арга туршлагаас солилцох юм.
Энэхүү олон улсын үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой болж байна. " гэв.
Үзэсгэлэнг цахим (виртуал) хэлбэрээр зохион байгуулж, оролцогч байгууллагуудын дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэж, буй бөгөөд эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.