АШУҮИС нь тав дахь хүрээлэн болох “Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн“-гийн үйл ажиллагаагаа эхлүүлээ
АШУҮИС сургалт, эрдэм, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цогцолбор их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна. Үүнээс гадна эрдэм, шинжилгээ, судалгааны ажилд онцгойлон анхаарч, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгоор тав дахь хүрээлэн буюу "Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн"-гээ нээлээ.
Энэ үеэр АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "АШУҮИС маань шинэ цогцолбороо ашиглалтад орууллаа. Ингэснээр манай сургууль таван хүрээлэнтэй болж байна. Энэ хүрээлэн нь зөвхөн АШУҮИС гэхээсээ илүүтэй Монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад маш их ач холбогдолтой. Бид түүхэн уламжлал, өв соёл ихтэй улс. Өв соёл дундаа уламжлалт анагаах ухааны асар их өв соёлтой. Үүнийгээ сэргээн судлах, шинэ үеийг бэлтгэх, хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр тодорхой зорилт тавин ажиллаж байна. Бид уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон шинэ бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд дараагийн жилд таван шинэ бүтээгдэхүүн гаргана.
Тус хүрээлэн нь дөрвөн сектортой. Үүний нэг нь уламжлагдаж ирсэн түүх, сурвалжийг судлах сектор бөгөөд уг сектороор дамжуулан шинэ мэдлэгийг бий болгож, орчин үеийн анагаах ухаанд оруулж, дэлхийд гаргах чиглэлээр ажиллах юм. " гэдгийг энэ үеэр онцоллоо.
АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал Д.Цэнд-Аюуш:
АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн дөрвөн сектор буюу Монголын уламжлалт анагаах ухааны өв соёл, сурвалж судлалын сектор буюу өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлалт анагаах ухааны судар бичиг, тэдгээрийн орчуулга, хадгалан хамгаалах, ардын эмнэлгийн мэдлэгийг дэлхийн оюуны өмч, биет бус өв болгох зорилготойгоор тус сектор үйл ажиллагаагаа явуулах юм. Үүнээс гадна Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь уламжлалт анагаах ухаанд суурилсан судалгаа хөгжүүлэлт, шинэ эм бэлдмэл–инновацийн бүтээгдэхүүн туршин зохион бүтээх, шинэ мэдлэг бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зорилтуудыг тавин ажиллана.
Ташрамд дурдахад тус сургууль нь Монгол уламжлалт анагаах ухааны чиглэлээр боловсон хүчин бэлтгээд 30 гаруй жил болж байгаа аж.