Я.Амаржаргал: Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний амин сүнс нь тэдэнд ээлтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх юм
2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчилах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь "Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё" өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Д.Баярболд, УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн болон бусад албаныхан, эмч, мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч нар оролцлоо.
Өдөрлөгийг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал хэлсэн үгэндээ “ДЭМБ нь 2019 оноос эхлээд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг олон улсад тэмдэглэх уриалга гаргасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарынхан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. УХТЭ нь энэ жил ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай эмнэлэг 2018 оноос хойш “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зарчим”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний гол амин сүнс нь үйлчлүүлэгчид ээлтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах асуудал байдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн эмнэлгийн хаалгаар орж ирэхээс эхлээд өвчтөнийг таних, бэртэл гэмтлээс сэргийлэх, халдвар тархахаас сэргийлэх, тэдэнд тав тухтай орчинг бүрдүүлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг маш олон асуудал үүнд багтаж явдаг. Манай эмнэлэг нэг сарын хугацаанд аяныг зохион байгуулахаас гадна 650 гаруй чанарын албаны эмч, сувилагч мэргэжилтнүүдэд зориулсан "Чанар, аюулгүй байдлын талаарх уулзалт, хэлэлцүүлэг"-ийг амжилттай зохион байгуулсан. Үйлчлүүлэгчид бидний үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллах вэ чиглэлээр санал хүсэлтийг мөн авч ажиллалаа.” гэдгийг онцоллоо.
Өдөрлөгийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Тунгалагтамир “Энэ жил манай орон дэлхийн олон орнуудтай хамт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ оны зургаадугаар сард ЭМЯ нь Стандарт хэмжил зүйн газартай хамтран үйлчүүлэгчийн стандартыг батлан гаргасан. Үүнээс гадна үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх журмыг батлан гаргасан гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.” хэмээлээ.