Хоёрдугаар эмнэлэг БНСУ-ын “Сэйнт Мэри“ эмнэлэгтэй гэмтэл согог болон нөхөн сэргээх эмчилгээ, оношилгооны чиглэлээр ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ) нь БНСУ-ын Инчон хотын Католик Квандонг их сургуулийн Олон улсын "Сэйнт Мэри" (Saint Mary’s Charity Clinic) эмнэлэгтэй хоёр орны эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулсан.
Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар тахлын дараах сэргэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт харилцан туршлага солилцох хурлыг өнөөдөр /2023.09.04/ амжилттай зохион байгууллаа.
Хуралд УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал, Эрдэм шинжилгээ, инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц. Ганзориг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга З.Аръяасүрэн, Олон улсын "Сэйнт Мэри" эмнэлгийн захирал Хёнсу Ким, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга С.Со.Виллиам, Жамун Кореа өвчтөн зуучлалын байгууллагын ерөнхий захирал Ин Су Пак болон бусад албаны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн энэ үеэр хоёр эмнэлгийн хүүхдийн тасаг, гэмтэл согог, ортопедийн болон мэдрэл судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны чиглэлээр харилцан туршлага солилцлоо.
Түүнчлэн тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 1-нд БНСУ-ын эмч нар УХТЭ-т ирж, гэмтэл согог, мэдрэл судлал болон хүүхэд судлал чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, мэргэжлийн зөвлөгөө өгчээ.