Я.Амаржаргал: Хоёрдугаар эмнэлэг хавдрыг молекулын түвшинд оношлох ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ сайжруулна
"Олон улсын атомын энергийн агентлагийн баг УХТЭ-т ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа"
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Цөмийн Оношилгоо Эмчилгээний Төв нь 2021 оны 08 дугаар сараас эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа циклотронд суурилсан цацраг идэвхт эм үйлдвэрлэлт хийж, түүний тусламжтайгаар хорт хавдрын үе шат болон тархалтыг бодисын солилцоонд тулгуурлан молекулын түвшинд оношлох PET/CT хосолсон оношилгоог хийж эхлээд байгаа.
Тэгвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн баг хамт олон Монгол Улсад ажиллаж, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцан, зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр УХТЭ-т ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал хэлсэн үгэндээ “2021 оноос манай эмнэлэгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс анх удаа хосолмол технологи PET-CT оношилгоог хийх оношилгооны аппаратыг суурилуулж, цацраг идэвхт эмийн үйлдвэрийг байгуулсан. Энэ үйлдвэрийг УХТЭ нь хоёр жил гаруй хугацаанд амжилттай ажиллуулж, оношилгооны тусламж үйлчилгээндээ ашиглаж байна. Монгол Улсад хавдрын өвчлөл маш их байгаа учраас энэ төрлийн оношилгоо, мөн цөмийн эмчилгээг хийлгэх шаардлага хүн амын дунд их байна.
Олон улсын атомын энергийн Агентлагаас ирсэн зургаан мэргэжилтэн, БНСУ-ын КИРАМС эмнэлгийн 2 зөвлөх Эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг ашиглан хавдрын тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиүлэлээр төсөл хэрэгжүүлэх, үнэлгээ хийх төслийн хүрээг тодорхойлох зорилгоор Монгол Улсад ажиллаж байна. Энэхүү төсөл нь УНТЭ, ХСҮТ, УХТЭ-т хэрэгжинэ. Өнөөдөр манай эмнэлэгт ажиллаж, манай эмнэлгийн Цөмийн оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид бид юун дээр анхаарч ажиллах, ямар дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа. Энэ үеэр бидэнд маш үнэтэй зөвлөгөөнүүдийг мэргэжилтнүүд өгч байна. Бид цаашид энэ төрлийн үйлчилгээнийхээ хүчин чадлыг сайжруулах, аппарат тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг мэргэшүүлэх, сургах түүнчлэн Олон улсын цөмийн энергийн агентлаг Монгол Улсад цацрагийн яаралтай тусламжийн анагаах ухааныг хөгжүүлэх шаардлагатай гэх зөвлөмжийг өгч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Манай эмнэлгийн хувьд хүн амд үзүүлэх хавдрын эмчилгээ, үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна хавдрын бус өвчний оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх ажлыг ойрын хоёр жилдээ эрчимтэй хийнэ.” гэдгийг онцоллоо.
Олон улсын цөмийн агентлагийн Ази, Номхон далайн хэсгийн техникийн ажлын албаны дарга Gashaw Gebeyehu Wolde: Цацрагийн болон цөмийн энерги гэдэг нь бүх салбарт маш их ач холбогдолтой. Хөдөө аж ахуй, усны зохицуулалт, анагаах ухаан гэх мэт маш олон салбарт ач холбогдолтой байдаг. Энэ удаа манай баг Монгол Улсын Засгийн газрын түвшинд хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор манай баг ирж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл энэ чиглэлээр ажилладаг эмнэлгийн байгууллагууд дээр ажиллаж, тэдний хэрэгцээ, шаардлагыг ойлгож үүний үндсэн дээр хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад түүнийхээ дагуу төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилготой ирсэн.