Б.Амгаланбаяр: Иргэн анчнаас тарвага худалдан авч, Биндэрт найзуудтайгаа хамт хэрэглэхдээ халдвар авсан
Өчигдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт уг иргэн тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажууллаа.
Тухайн тохиолдол орон нутгаас зөөвөрлөгдөж ирсэн. Тодруулбал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын анчнаас тарвага худалдан авч, Биндэр суманд хэсэг нөхдийн хамт хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан.
Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин. Нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулсан.
Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт нь эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Тарвага агнах, эд эрхтнийг түүхийгээр нь залгих зан үйл иргэдийн дунд байсаар байгаа тул үүнээс татгалзаж тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна" хэмээн хэллээ.