УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг, Дунгийн суулгацын мэс заслын багийг “ХҮНДЭТ ДЭВТЭР“-т алдаршууллаа
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн "Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг"-ийн хамт олныг Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрийн соёрхол” хүртээсэн билээ.
Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн удирдлагууд "Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг", "Дунгийн суулгацын мэс заслын баг"-ийн хамт олныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн "ХҮНДЭТ ДЭВТЭР"-т алдаршуулах ёслол боллоо.
Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх Т.Мөнхсайхан, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр, Дунгийн суулгацын мэс заслын багийн ахлагч Л.Бямбасүрэн болон багийн гишүүд, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн соёрхол" хүртээсэн. Тэгвэл бид өнөөдөр энэхүү бахархалт үйл явдлыг УНТЭ-ийн 100 жилийн түүхт "ХҮНДЭТ ДЭВТЭР"-т алдаршуулахаас гадна Дунгийн суулгацын мэс заслын багийг мөн "ХҮНДЭТ ДЭВТЭР"-т алдаршуулах юм.
100 жилийн хугацаанд бичигдэж буй тус дэвтэрт өнөөдрийг хүртэл 26 эмч, багийг алдаршуулж байсан бол өнөөдөр ийнхүү хоёроор нэмэгдэж байна. Энэ дэвтэрт алдаршуулсан эмч, мэргэжилтэн, багийг харахад Монголын анагаах ухааны салбарын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, том гавьяа байгуулсан нь тод томруунаар харагддаг. Хүндэт дэвтэрт бичигдэх хоёр багийн хамт олондоо баяр хүргэе." хэмээлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх Т.Мөнхсайхан "УНТЭ-ийн "Хүндэт дэвтэр"-т бичигдэх болсон Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг, Дунгийн суулгацын мэс заслын багийн хамт олонд баяр хүргэе. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн багийн хамт олныг "Төрийн соёрхол" хэмээх эрхэм хүндэт цолоор шагнагдсанд баяртай байгаа. Дунгийн суулгацын мэс заслын багийнхан мөн олон хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн багийн хамт олны хөдөлмөр бүтээлийг үнэлнэ гэж найдаж байна." гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Мөн энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан эмч, мэргэжилтнүүдээ төрийн дээд одон медаль болох "Алтан гадас", Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Эрүүл мэндийн яамны жуух"-аар шагнаж урамшууллаа.