ХӨСҮТ: 3800 гаруй хүн гэдэсний халдвараар өвдөж, 490 хүн цусан суулгаар өвчилжээ
Ойрын өдрүүдэд орсон ус ихтэй борооны улмаас нийслэлийн 4 дүүргийн хэмжээнд үерийн эрсдэл нүүрлэж, сэлбэ голын дагуух барилга байгууламж, айл өрх, зам тээвэр бүхэлдээ усанд автах онцгой эрсдэл үүссэн бөгөөд дөнгөж саяхан НОК шуурхай хуралдаж Улаанбаатар хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл мөн хөрсний бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан ХӨСҮТ-аас гэдэсний халдварт өвчлөлийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг мэдээллээ.
-Ундны усаа ариутгаж, хүнсээ зөв сонгож хэрэглэ-
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны тасгийн эрхлэгч н.Амгалан: Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 3800 гаруй хүн гэдэсний халдвараар өвдсөн байна. Үүний 80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Тус халдвараар ихэнхдээ 0-4 насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн гар, хөл, амаар цэврүүт тууралт гарч, өндөр халуурдаг. Мөн цусан суулгын халдвар өнөөдрийн байдлаар 490 гаруй хүн өвчилсөн байна. Эдгээр халдварууд өмнөх онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.
Гэдэсний халдварт өвчин хоёр дахин өссөн бөгөөд жилийн дараа халдварын бүртгэл илүү их нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна.
Үүнээс гадна ундны устай холбоотой гэдэсний халдвар бүртгэгдэх тохиолдол ихсэж байгаа тул ариутгаж, заавал буцалгаж хэрэглэхийг онцгойлон анхааруулж байна.