Улаанбаатар хотын төв эмнэлгүүдийн “Сонсголын шинжилгээ хийх орчинг сайруулах“ төсөл хэрэгжиж эхэллээ
БНСУ-ын KOICA Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын 998 сая воны санхүүжилтээр Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнл хамтран "Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн.
Төслийн хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээ хийх стандартад нийцсэн орчинг бүрдүүлэх, шинэчлэгдсэн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг БНСУ-д бэлтгэх, чадавхжуулах, онлайн вебинар сургалт хийх, шинжилгээ хийхэд ашиглах авиа зүйгээр баланслагдсан үгийн таблиц боловсруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх юм.
Төслийн ажлууд эхнээсээ хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр УНТЭ-ийн Сонсгол судлалын кабинетыг иж бүрэн засварлаж, субектив сонсголын шинжилгээний аппарат, сонсголын аппаратуудыг шалгах тохиргооны төхөөрөмж зэрэг өндөр өртөгт сонсголын тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Л.Бямбасүрэн, Халлим их сургуулийн Сонсгол, хэл ярианы эмгэг судлалын тэнхимийн профессор Junghwa Bahng болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнлээс хичээл, зүтгэл гаргаж, КОЙКА олон улсын байгууллагаас дэмжлэг авч, Монгол Улсад маш хэрэгтэй энэхүү төслийг өргөн цар хүрээнд хэрэгжүүлж байгаад талархаж байна. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах тал дээр хамтран ажиллаж байгаа Халлим их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Дээрх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сонсголын шинжилгээ хийх орчин сайжирч, иргэдийн сонсголын түвшний дунджийг тодорхойлох боломжтой болно. Үүнээс гадна орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг тус тоног төхөөрөмж дээр зохион байгуулна. Цаашид төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжиж ажиллана.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Мөн УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Л.Бямбасүрэн “Сонсгол шалгахад шинжилгээний олон төрлийн аргуудыг хэрэглэдэг. Тэдгээр аргуудаас аудиометрийн төхөөрөмж ашиглан сонсголын түвшинг тодорхойлоход Монгол оронд ихэвчлэн Pure Tone Audiometry буюу өвчтөнд цэвэр авиа сонсгон дууны хэмжээг багасгасаар өвчтөнд сонсогдож буй хамгийн нам цэгийг олоход ашигладаг.
Тэгвэл энэ шинжилгээг нарийвчлан хийх буюу үг сонсгон сонссон үгээ өвчтөн давтан хэлж тухайн үгийг сонсон таниж байна уу үгүй юу гэдгээс сонсголын түвшинг илүү нарийн тодорхойлох боломжтой тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай. Үүнийг Speech audiometry буюу үгийн аудиометр гэдэг. Өнөөдөр бид тус төхөөрөмжийг эмчилгээ, үйлчилгээндээ ашиглах болсондоо баяртай байна. Уг шинжилгээг өмнө нь иргэд заавал гадны улс орнуудад 2000-3000 доллараар хийлгэдэг байсан бол өнөөдөр эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх боломжтой боллоо. УНТЭ-ээс гадна УГТЭ, ЭХЭМҮТ, хөдөө орон нутгийн зарим эмнэлэгт энэ тоног төхөөрөмжийг мөн суурилуулна.” хэмээлээ.
Халлим их сургуулийн Сонсгол, хэлний ярианы эмгэг судлалын тэнхимийн профессор Junghwa Bahng:
Миний бие өнгөрсөн жил Монгол Улсад ирж, монголын эмч нартай хамтран ажиллах боломж бүрдэж байсан. Монголын эмч нарын хувьд хичээл зүтгэл сайтай, ажилдаа мэрийлттэй. Тийм ч учраас энэ төслийн үр дүнг сайн байна гэж харж байгаа. Төсөл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн ажлын ач холбогдол нь иргэд болон сурагчдын сонсгол бууралтыг эрт оношлон, сонсгол бууралттай иргэд сонсголын түвшнээ тодорхойлуулан цаашдаа юу анхаарах хэрхэн эмчлэх, хаана хандах зэрэг мэдээллийг аван эрт арга хэмжээ авах боломжтой юм. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх замаар сургууль завсардахаас сэргийлэх, сонсголын бэрхшээлтэй өвчтөнүүдийн сонсгол сэргээхэд хувь нэмрээ оруулах юм.