Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангахад анхаарна

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эх, Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь” үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Семинарт Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ДЭМБ-ын НДББ зохицуулагч Кубото Шого, ЭМЯ-ны Анхан, лавлагаа шатны тусламжийн хэлтсийн ахлах шинжээч Ө.Энхмаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, болон нийслэл, 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, эх баригч нар оролцож байна.

Arslan.mn

Хурлыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Бид тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан, иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах, хүн амыг бүрэн хамруулахад анхаарч байна.

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эхийн эндэгдлийн түвшинг 2030 он гэхэд 100,000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн.

2022 онд хийгдсэн “Эх яагаад эндэв” судалгаанаас харахад эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 35.1 буюу 23 тохиолдол бүртгэгдсэнээс 91,3 хувь нь эмнэлэгт, 8,7 хувь нь гэртээ  энджээ. Тус судалгаагаар эхийн эндэгдлийг бууруулахад эмч, эх баригч нарт эх барихын яаралтай тусламжийн сургалт чухал байгааг тодорхойлсон. Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Говьсүмбэр, Төв, Увс аймгууд эхийн эндэгдлийг бууруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй.  

Төрөх явцад болон төрсний дараах үед үүсэх эрсдэл, хүндрэл, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд жирэмсний хавсарсан эмгэгтэй эмэгтэйчүүдийг эрт илрүүлж, хугацаа алдалгүй эмчилгээ, хяналтад хамруулах эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүрэг, хариуцлагыг тодорхойлсон оновчтой тогтолцоо чухал юм.

Цаашлаад оношилгооны чадамжийг бүрдүүлэх, эмчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, удам зүй, ураг-нярай судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Arslan.mn

Засгийн газраас хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, донор байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр дүнг сайжруулах бодлогыг барьж байна.

Энэ ташрамд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг ДЭМБ-д талархал илэрхийлье.” хэмээлээ.

Arslan.mn

Хурлын үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах аргыг хэрэглэн эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд ахиц дэвшлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах санаачилгад дэлхийн болон бүс нутгийн, орон нутагт хэрэгжүүлсэн шилдэг арга барил, сургамж, сорилт, сайн туршлагыг хуваалцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх аж. Хурал гурван өдөр үргэлжилнэ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648436
0 эможи

keyboard_arrow_up