Д.Баярболд: Коронавирусийн PCR аппаратаар бэлгийн замын болон бусад вирусийг илрүүлэх чадамжтай болсон
Европын холбоо болон ДЭМБ-аас хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэж байна.
Уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар болон бусад холбогдох эмч, мэргэжилтэн оролцож буй юм.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Төслийн удирдах хороо 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Энэ хорооны дарга, нарийн бичиг хоёр удаа өөрчлөгдсөн. Гэхдээ үүнд төсөл доголдох, гажиг асуудал үүсээгүй. Ковидын өмнөх үе болон дараах үе маш их ялгаатай болсон. Тиймээс тогтсон ажлууд хүртэл гажуудалд орж, хүмүүсийн ажлын байр солигдсон, алдаа дутагдал гарсан. Үүнийг цаашид сайжруулах шаардлага байгаа.
Энэ төсөл бол малчин айлд ч хүрч чадсан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримталж чадсан гэж үзэж байна. Ковид-19 цар тахлын үед нэвтрүүлсэн PCR аппарат буюу гинжин урвалаар бэлгийн замын халдварт өвчин бусад вирусийг илрүүлэх чадамж Монгол Улсад үлдэж байгаа." гэв.