Монгол Улсын хүний Гавьяат эмч, мэс засалч Ц.Ишдоржийг эцсийн замд нь үдлээ
Клиникийн профессор, Мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын хүний Гавьяат эмч, мэс засалч Цэдэн-Ишийн Ишдорж 2023 оны зургадугаар сарын 15-нд хүнд өвчний улмаас улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй том гарз тохиосон билээ.
Тэрээр эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, булчирхайн мэс заслыг өндөр түвшинд хөгжүүлж, олон сайн мэс заслын эмч нарыг бэлтгэж байсан гавьяатай билээ.
Ц.Ишдорж нь 1967 онд Улаанбаатар хотод төрж,1984 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Анагаах ухааны их сургууль, 1991 онд мэс заслын эмчийн курсийг тус тус дүүргэж, хүний их эмч мэргэжил эзэмшин, дотоод шүүрлийн булчирхайн мэс засалчаар мэргэшжээ.
Тэрээр 1990-1993 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт их эмч, 1993-2011 онд АУИС-ийн Мэс заслын танхимд багш, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт гэрээт эмч, 2011 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт эмчээр ажиллажээ. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын 21 аймгийн эмнэлэгт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, ерөнхий мэс заслын болон булчирхайн эмгэгтэй олон зуун өвчтөнийг эдгээсэн шилдэг мэс засалч байлаа.
Мөн АУИС-ийн болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг хариуцан олон арван мэс засалч, мэс заслын сувилагч бэлтгэх их үйлсэд өөрийн мэдлэг чадварыг харамгүй зориулсан эрүүл мэндийн салбарын тэргүүний зүтгэлтэн байв.
Монгол Улсын "Хүний гавьяат эмч", уран гарт мэс засалч Ц.Ишдоржийн хөдөлмөрч хичээнгүй, нийтэч, цоглог дайчин, зарчимч шинж чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.