“Монгол Улсад ТАРХИНЫ ХАВДРЫН оношилгоо олон улсын түвшинд хүрсэн. Цаашид эмчилгээгээ сайжруулна”
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Монголын Неврологийн нийгэмлэг болон Монголын Телерадиологийн нийгэмлэг хамтран “ТАРХИНЫ ХАВДРЫН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТ, МЭС ЗАСАЛ” сэдэвт хурал, сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтад мэдрэл, тархины хавдрын чиглэлээр ажилладаг, олон салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Сүүлийн үед тархины хорт хавдар ихэсч, жилд 50-60 хүн энэ өвчнөөр оношлогдож байна. Энэ нь эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны багаж, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа. Тархины хавдар 0-19 насны хүүхдүүдийн нийт хавдрын 15 хувийг эзэлж байгаа бол хөдөлмөрийн насны хүмүүсийн нийт хавдрын 8-р байранд ордог аж.
"УГТЭ-д төвлөрдөг байсан эмчилгээ тусламж, үйлчилгээг өөрийн эмнэлэгтээ үзүүлж, иргэдэд энэ төрлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдсэн"
Сургалтыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд мэдрэлийн системийн хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд тархины хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс манай эмнэлэг Мэдрэлийн эмнэлзүйн төв байгуулж, мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх тал маш их хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ хүрээнд хүний нөөц бэлдэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн шинэчлэхэд нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Мэдрэлийн мэс заслыг нутагшуулах, хөгжүүлэхэд мэргэшсэн баг хамт олон байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс УГТЭ-ийн эмч нартай хамтран энэ чиглэлийн олон шинэ технологийг эмнэлэгтээ нутагшуулж байна.
Мөн манай эмнэлэг УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагтай хамтран Судасны мэс заслын оношилгоо, эмчилгээг өөрийн эмнэлэг дээр нутагшуулж, улсын хэмжээнд УГТЭ-д төвлөрдөг байсан эмчилгээ тусламж, үйлчилгээг өөрийн эмнэлэгтээ үзүүлж, иргэдэд энэ төрлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдсэн.” гэдгийг онцлов.
"Бид тархины хавдрын олон улсад хийгддэг бүх оношилгооны аргыг ашигладаг. Цаашид эмчилгээ, эмнэл зүйн аргаа сайжруулахад анхаарч ажиллаж байна"
УНТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир:
Өнөөдрийн хурал тархины хавдрын оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна. Манай эмч, мэргэжилтнүүд MRI, цөмийн онош зүй, эмгэг судлалын буюу микроскопоор гэх мэт маш олон аргаар оношилж, мэс заслаа хийдэг. Тиймээс Олон улсад “Олон мэргэжилтний баг” гэж ажилладаг. Тэр багт нь мэс заслын эмч, мэдрэл, дүрс оношилгоо, эмгэг анатоми, сэргээн засах эмч зэрэг маш олон чиглэлийн эмч нар нэгдэж тухайн нэг өвчтөн дээр яаж оношийг гүйцэд тавих вэ, ямар аргаар эмчилвэл амьдралын чанарыг сайжруулах вэ гэдгийг ярилцаж шийдвэр гаргадаг.
Энэ хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Хавдрыг эрт оношлох нь хамгийн чухал. Ингэснээр эмчилгээний үр дүнд хүрдэг. Монголд оношилгооны үйл явц хангалттай сайн хөгжсөн. Бид олон улсад хийгддэг бүх оношилгооны аргыг ашиглаж байна. Цаашид эмчилгээ, эмнэл зүйн аргаа сайжруулахад анхаарч ажиллаж байна.
"Өмнө нь микроскопт харагдаж байгаа дүрсээр нь онош тавьдаг байсан бол одоо молекулын үзүүлэлтийн арга буюу тухайн хүнд таарсан эмчилгээ хийх нарийн шинжилгээ хийх боломжтой болсон"
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлалын эмч, АУ-ы доктор О.Энхээ: 2016 оноос эхлээд тархины хавдар оношилгоог молекул шинжилгээнд тулгуурлан хийдэг болсон. Тэрнээс өмнө нь зөвхөн эдийн шинжилгээний буюу физиологийн шинжилгээний үндсэн дээр хийгддэг байсан. Зөвхөн микроскопт харагдаж байгаа дүрсээр нь онош тавьдаг байсан бол одоо молекулын үзүүлэлтүүдийн арга буюу тухайн хүнд таарсан эмчилгээг нарийн шинжилгээ хийх боломжтой болсон.
Ингэснээр тархины хавдартай өвчтөний амьдралын чанар сайжирна. Тухайлбал, IDH-1 мутацийг тодорхойлсноор тухайн хавдартай хүн микроскопт харагдаж байгаа дүрс нь хэдий хортой хавдрын шинжтэй байсан ч гэсэн IDH-1 мутаци илэрсэн бол тохирсон химийн эмчилгээ хийснээр амьдралын чанар сайжрах юм.
Олон улсын эрдэмтдийн судалгаагаар IDH-1 мутацигүй хавдартай өвчтөн 8-10 сар орчим амьдардаг бол IDH-1 мутацитай тохиолдол 55 сар хүртэлх амьдрах боломжтой.
АШУҮИС-ийн АИС-ийн Дүрс оношилгоо, радиологийн танхимын дэд профиссор, АУ-ны доктор Д.Түвшинжаргал:
Тархины хавдрын дүрс оношилгооны асуудал манай улсад эрт үеэс судлагдаж ирсэн. Харин 2006 оноос хойш MRI шинжилгээ нэвтэрснээр энэ төрлийн судалгааны ажлууд эрчимжсэн.
Тархины хавдарт мэс засал хийлгэсэн хүүхдүүдэд хавдар авсны дараа мөн шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хүүхдүүдэд цөмийн онош зүйн шинжилгээ, эдийн шинжилгээнээс гадна генетикийн шинжилгээг хийх нь чухал. УХТЭ-ийн дэргэдэх Үндэсний оношилгооны төвд Цөмийн оношилгооны тасаг ажиллаж, тархинд зориулсан нарийвчилсан шинжилгээг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.