Эмч Ч.Гансүх: Vape хэрэглэж байгаагаа өсвөр насныхан дундаа мода, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

“Дэлхийн тамхигүй өдөр” тун удахгүй тохионо. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг.

Яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон бэ гэвэл жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж долоон сая гаруй хүн хорвоог орхиж байна. Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй. Зүрх судасны эмгэг ба цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан (тамхидалт үүнд нөлөөлдөг) болдог. Энэ тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас барж буй юм. “Дэлхийн тамхигүй өдөр” нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг. Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн тамхи татдаг. Түүний 80 орчим хувь нь бага орлоготой улс орнуудад ногдож, тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байна.

Янжуур тамхийг судлаачид эртнээс судлан, дотор нь агуулагдах хорт бодис, хүмүүст хэрхэн нөлөөлөх зэрэг бүх зүйлийг гаргасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд электрон тамхи буюу Vape тамхины хэрэглээ олон улсад нэвтэрчээ. Янжуур тамхины хэрэглээг олон жил судлаад, тодорхой үр дүнг хүмүүс мэддэг учир энэ удаад электрон тамхины хор нөлөө болон янжуур тамхинаас юугаараа онцлогтой талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч Ч.Гансүхтэй ярилцлаа.


-Элетрон тамхи, янжуур тамхины ялгаа нь юу вэ?

-Утаат тамхины хувьд никотин нь арай өндөр. Никотин нь их байна гэхээр донтуулах нөлөө их байна гэсэн үг. Тэр нь судасны ханыг агшаах, судсыг нарийсгах үйлдэлтэй. Сүүлийн үеийн Vape буюу электрон тамхи нь утаат тамхитай адил хэмжээний никотин агуулсан байдаг. Дэлхийн 30 гаруй оронд үүнийг хортой хэмээн оруулахыг хориглосон. Манай улсын хувьд цахилгаан бараа гэх нэршлээр оруулж ирдэг. Энэ нь хэрвээ тамхи гэдэг нэрийдлээр орж ирвэл Онцгой албан татвар ногдуулдаг. Харин цахилгаан бараа гэсэн нэрийдлээр энгийн татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр үүнийг хяналтгүй оруулж ирээд байна уу гэж харагдаад байгаа.

-Энэхүү Vape буюу электрон тамхийг хэрэглэгч иргэдийн насны хувьд ямархуу байгааг анзаарсан уу?

-Дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд хэрэглэдэг болсон. Бие биенийхээ дунд мода болгочихсон, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ. Яг электрон тамхины хувьд судалгаа шинжилгээг маш бага хийсэн учир хортой гэдгийг нотолж чаддаггүй байж. Сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нарийвчлан судалж үзэхэд электрон тамхи нь янжуур тамхи татаж байгаагаас хор нь арай үйлчлэл бага ч гэсэн донтуулах явц нь найм дахин илүү байна гэсэн судалгааг гаргасан. Тэгэхээр хүмүүс тамхинаас гарах гэж үүнийг хэрэглэж байгаа бол гарахгүй л гэсэн үг. Тамхинаас гарахын тулд янжуур тамхитайгаа хослуулж хэрэглэдэг. Тиймээс хавсарч хэрэглэж байгаа тохиолдолд илүү л никотинийг хүснэ. Тэгэхээр тамхинаас шууд гарч чадахгүй. Электрон тамхийг хэрэглээд тамхинаас гарна гэж худлаа. Тэгээд гарчихсан хүн ховор. Бараг байхгүй. Тэгтэл нөгөө талаас хүмүүс Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор утаат тамхийг олон нийтийн газарт татаж болдоггүй. Vape-ийг хаана ч татаж болдог. Тэр утгаараа донтуулах эрсдэлийг улам л нэмдэг гэсэн үг.

-Vape-ийг өсвөр насныхан их татдаг гэлээ. Өсвөр насныханд яаж нөлөөлөх талаарх зөвлөгөө мэдээллийг өгөөч?

-Өсвөр насны хүүхэд vape татаад явж байна гэдэг үнэхээр харамсалтай зүйл л дээ. Энэ насандаа хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар хөгжиж, сурлага номдоо анхаараад явж байх ёстой. Гэвч электрон тамхи нь тархины цусан хангамжид бууралтыг өгдөг. Энэ нь ой тогтоолтыг маш ихээр бууруулж байдаг. Электрон тамхийг байнга хэрэглэснээр аажимдаа толгой байнга өвддөг болно. Ой тогтоолт маш муудна. Өсвөр насныхны бэлгийн бойжилт маш хурдтай явагдаж байдаг. Гэтэл дааврын өөрчлөлт нь жигд сайн явж байх ёстой атал энэ хөгжлөө өөрийнхөө хувьд блоколж байна л гэсэн үг. Ирээдүйд энэ хүн ямар нэгэн уушгины асуудалтай эсвэл тархи толгойны ямар нэгэн өвчлөлтэй болох өндөр эрсдэлтэй. Хэрвээ электрон тамхи vape-ийг хэрэглээд удаагүй бол нэн даруй болих хэрэгтэй. Ирээдүйд маш их сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалж болох эхний үйлдэл нь энэ юм шүү.

Электрон тамхины хэрэглээний судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна.

Харин Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хууль эрх зүйн орчинд яаж өөрчлөгдсөн болон орчин тойронд хэрхэн нөлөөлсөн талаар “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуугаас тодрууллаа.

-Тамхины хяналтын тухай хуульд тамхины хор хөнөөлийн талаар юу гэж заасан байдаг вэ?

-Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахаар тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар хуульчлагдсан тул тамхины хор хөнөөлийн талаар хуульчилсан зохицуулалт байхгүй, тусгаж өгөөгүй байна.

-Мөн хуульд тамхины дам хэрэглээний талаарх заалтууд бий юу?

-Тамхины дам хэрэглээ гэж өөрийн хүсэл зорилгоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлэх бөгөөд энэ талаар Тамхины хяналтын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тухайн дам хэрэглээний талаарх тодорхойлолтыг тусгаж өгсөн байна.

-Хуульд заасныг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцдог. Харин жирийн иргэн, хуулийн этгээд нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээг авдаг. Гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг. Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага албан тушаалтан болон шүүхэд гаргана.

-Тамхины эсрэг хууль Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан уу. Өөрчлөгдсөн зүйлүүд бий юу?

-Тамхины хяналтын тухай хууль Монголд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Жишээ нь, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт хүмүүс тамхи татдаг болсон. Сургууль, цэцэрлэгийн ойр орчим, олон нийтийн газар, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татаж болохгүй. Тамхины сурталчилгаа телевиз, олон нийтийн цахим хэрэгслээр явахгүй зэрэг олон давуу талыг бий болгосон юм.

Манай улсад 2017-2019 онд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өчжээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг ажээ. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хууль эрх зүйн орчинд хэлэлцүүлэх болсон юм.

 

С.Отгонбаяр

 

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647645
0 эможи

keyboard_arrow_up