“Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн амаргүй сорилт, бэрхшээлийг ХАМТДАА ДАВАН ТУУЛСАН”
Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС хамтран “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” СЭДЭВТ САЛБАР ДУНДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ зохион байгуулж байна.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Дэд сайд С.Энхболд, БШУ-ны сайд С.Энх-Амгалан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар болон коронавирусийн цар тахлын үед хүчин зүтгэж байсан эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх, хэзээ, ямар мутаци дахин дэгдэх, хэр зэрэг хор хохирол учруулахыг хэн ч тааж мэдэх боломжгүй үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээх, ажлын байр хадгалж, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажилласан.
Улсын онцгой комисс /УОК/-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий эрдэмтдийн зөвлөл байгуулан ажилласан нь үр дүнтэй байлаа.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээг гардан хэрэгжүүлж, өөрийн эрүүл мэнд, амь нас, ахуй амьдрал, ар гэрээ умартан 700 гаран өдөр бэлэн байдалд ажиллаж ирсэн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, сувилагч, асрагч, ажилчид, онцгой байдал, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, зам тээвэр, мэргэжлийн хяналт зэрэг төр, захиргааны бүх байгууллагын алба хаагчид болон
Төр засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг ойлгож, хүлээцтэй хандан тэсвэр тэвчээр гарган, биднийг дэмжин хамтарч ажиллаж байсан Монголынхоо нийт иргэддээ баярлаж талархсанаа илэрхийлье.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Мөн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд дэлхийн улс орнууд болон Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал ямар түвшинд байна, эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон тулгамдсан асуудлыг хөндсөн “Коронавируст халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлийг тавьлаа. Тэрээр “Юуны түрүүнд өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахлын эсрэг хамтдаа ажиллаж байсан бүх салбарынхандаа талархал илэрхийлье.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль 2022.04.29 өдөр батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт нэлээдгүй боломжийг олгосон. Тус хууль батлагдсанаар халдварын эмчилгээнд шаардлагатай шинэ төрлийн эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг түргэвчилсэн журмаар бүртгэж, КОВИД-19-ийн үеийн тандалт, халдвараас сэргийлэх, оношлох, эмчлэх заавруудыг шинэчлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжүүлэх орон нутагт 19.6 хувиар нэмэгдэж, 19 үйлчилгээг цахимд шимжүүлснээр мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгож чадсан билээ.
Үүнээс гадна тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэрийг УБ хотын томоохон эмнэлгүүд, 21 аймагт байгуулан, амьсгалын аппарат, өндөр урсгалт хүчилтөрөгчөөр хангах аппаратууд, пульс оксиметр зэрэг төхөөрөмж хангалтыг улсын төсөв ба донорын дэмжлэгээр хангалттай түвшинд хийж чадсанаар хүндрэл ба нас баралтаас сэргийлэх чиглэлд үр дүн өгсөн.
Түүнчлэн бүх шатны эрүүл мэндийн байгууллагад зургаан тэрбум төгрөгийн иж бүрэн компьютерээр хангаад байна. Цаашид бид нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлуулах, өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулах, улсын нөөцөд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцлөх агуулах бэлэн болсон ч худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлэх, цар тахлын дараах тогтвортой байдлын төлөвлөгөө боловсруулах , эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байна.” хэмээлээ.