“Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2023” ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно
“Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2023” 2023 оны 6-р сарын 16-17-ны өдрүүдэд Corporate hotel & Convention center-д зохион байгуулагдах гэж байна.
Монголын Радиологийн Чуулган нь 1995 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж байгаа ба энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг Чуулган нь Дүрс оношилгооны салбарын эмч, технологич болон бусад мэргэжлийн эмч нараас гадна дэлхийн олон улсын судлаач, эрдэмтэд ба нийт 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чуулдаг Монголын томоохон хурлуудын нэг юм.
Энэ удаагийн Конгрессын үеэр БНСУлс болон Ази-Номхон далайн орнуудын Дүрс оношилгооны нийгэмлэгүүдтэй хамтарсан "KSR-MSR Friendship symposium", "AOSR-MSR conjoint session" зохион байгуулах гэж байгаагаараа онцлог юм.
Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2023-д эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдолуудыг танилцуулахын сацуу олон улсын 20 гаруй зочин профессорууд хүрэлцэн ирж, илтгэл хэлүүлэлцэх болно. Мөн Монгол улсын Радиологийн салбарт шинээр нэвтэрч буй оношилгоо, эмчилгээний талаар танилцуулах юм.
Хуралд хэлэлцүүлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэл, сургалтын илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдлуудын хураангуйг 2023 оны 4 сарын 30 хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 130 гаруй илтгэлийн хураангуй ирүүлээд байна.
Хуралд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүд, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд ажиллаж буй Дүрс оношилгооны эмч, технологич нараас гадна гадаадад суралцаж буй эмч нар эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлээд байна.
Хуралд эрдэм шинжилгээ, сургалтын өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдол хэлэлцэхээс гадна Гэрэл зургийн уралдаан, Видео бичлэгийн уралдаан зохион байгуулагдах юм.