В.Байгаль: 15 хүртэлх насны хүүхдүүдийг улаанбурхан өвчнөөс сэргийлэх нөхөн дархлаажуулалтад хамруулна

2023 оны 5 сарын 12

ХӨСҮТ-өөс зарласан хэвлэлийн хурлын үеэр улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтын талаар Дархлаажуулалтын албаны эмч В.Байгаль мэдээлэв. 

Тэрбээр "Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгдэж, агаар дуслын замаар халддаг. Нэг хүн өвдлөө гэхэд түүнтэй хавьтал болсон 10 хүний ес нь өвддөг буюу халдварлах магадлал өндөр өвчин.

2022 оны байдлаар дэлхийн 162 улсад улаанбурханы 170,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг 2021 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. 2023 оны эхний улирлын байдлаар 40,000 гаруй тохиолдол батлагдсан байна. 

Харин манай улсад хамгийн сүүлд бүртгэгдсэн улаанбурханы томоохон дэгдэлт 2015-2016 онд болсон. Тухайн үед нийт 5,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эхний сард 0-2 насны хүүхдүүд голчлон өвдсөн. Улаанбурхан өвчний улмаас эндсэн тохиолдлын 90 хувь нь 0-1 насныхан байсан. 

Өмнө хэлсэнчлэн уг өвчин халдварлалт өндөртэй бөгөөд вакцинаар сэргийлэгддэг. Энэхүү өвчнөөс сэргийлэх вакцины эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг.

ОХУ болон БНХАУ-д улаанбурханы тохиолдол бүртгэгдэж байгаа учир бид уг өвчнөөс хамгаалах вакцинаа хийх шаардлагатай байна. Хэрэв товлолын дагуу есөн сартай, хоёр настайд вакциндаа хамрагдах юм бол бүрэн сэргийлэх боломжтой юм. 

Цар тахлын үеэр товлолын вакцины хамрагдалт 95 хувиас буурсан. Тооцоолоод үзэхэд жилд 5000 гаруй хүүхэд вакцинд хамрагдаж чадалгүй үлддэг. 2018-2022 оны хооронд вакцины бүрэн тунгаа авч чадаагүй 40,000-60,000 хүүхэд байна. Хэрэв өвчлөл манай улсад ороод ирвэл эдгээр хүүхэд өвдөх магадлал өндөр гэсэн үг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ягаан дэвтрийг үзээд есөн сар болон хоёр настайд нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын вакциныг хийлгэсэн эсэхийг шалгаарай.

Хэрэв вакцин хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад 15 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө очоод дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна. 

Цар тахлын үед вакцинд хамрагдаж чадаагүй дөрөв хүртэлх насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр тунгаар нөхөн дархлаажуулалт хийнэ. Харин вакцин хийлгэсэн нь тодорхойгүй 15 хүртэлх насны хүүхдэд нэг удаа вакцин хийнэ" гэдгийг хэлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647020
0 эможи

keyboard_arrow_up