Ж.Байгалмаа: Ковид-19-ийн эерэг илэрц өсөж, 205 тохиолдлыг бүртгэсэн
КОВИД-19-ийн нөхцөл байдал, салхин цэцэг, гар хөл амны өвчин болон улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "ДЭМБ-ын мэдээллээр дэлхий нийтэд цар тахал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 765 сая тохиолдол батлагдсан. Үүнээс 6.9 сая хүн амиа алджээ. Он гарснаас хойш дэлхий нийтэд "КОВИД-19"-ийн тохиолдол тогтвортой буурч байгаа. Сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэсэн хэдий ч зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30,000-80,000 тохиолдол бүртгэгджээ.
ДЭМБ энэ сарын 5-нд хуралдаж, "Зарим улс оронд цар тахал хэвээр байгаа ч олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш боллоо. Тиймээс улс орнууд дотооддоо урт хугацааны менежмент төлөвлөгөө гаргах"-ыг зөвлөсөн.
Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байна. Манай улсын хувьд он гараад 18 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ПГУ шинжилгээгээр эерэг гарах нь нэмэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн дүн байна.
Омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч, тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байгаа юм.
Тиймээс иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг зөвлөж байна" хэмээв.