ХӨСҮТ: Омикроноор өвчилсөн 3 хүний биеийн байдал НЭН ХҮНД байна
ХӨСҮТ-өөс Covid-19 нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Дэлхий нийтэд Омикроны дэд хувилбарын тархалт өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ зэрэг улсуудад 80 хүртэлх мянган тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсад өнгөрсөн долоо хоногт Омикроны дэд хувилбарын 205 шинэ тохиолдол илэрсэн.
Иймээс хүн хоорондын зайгаа барих, маскаа зүүж Омикроны дэд хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Анх омикроны ВА.5.2 хувилбар бүртгэгдэж байсан бол өнөөдөр омикроны XBB.1.5 гэсэн хувилбар бүртгэгдэж байна. Энэ хувилбарын анхны тохиолдол 2023 оны гуравдугаар сарын 9-нд манай улсад бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна. Эдгээрээс ГУРВАН хүн нэн хүнд, ДОЛООН хүн хүнд оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Тус хувилбараар өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч байна" гэлээ.