ХӨСҮТ-ийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн 73 хувь нь доктор, магистр, бакалаврын зэрэгтэй
Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв/ХӨСҮТ/-ийн хамт олон тус өдрийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зарим сувилагч нартаа шагнал гардууллаа.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн багш Э.Наранцэцэг, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр болон бусад албаныхан, сувилахуйн албаны нийт сувилагчид оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “ХӨСҮТ-д нийт 232 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.Эдгээр сувилагчдын 73 хувь нь доктор, магистр, бакалаврын зэрэгтэй, 54 хувь нь зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй байгаа нь манай нийт сувилагч нарын мэргэжлийн ур чадвар ямар өндөр түвшинд байгааг харуулж байна.
ХӨСҮТ нь “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо“-г нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ ажилд манай сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо маш их байгаа гэдгийг дурдмаар байна.
Эмнэл зүйн эмчилгээний 80 хувийг сувилагч дангаараа үзүүлдэг гэсэн судалгаа ч бий. Тийм учраас эмчийн итгэлт баг болон ажиллаж буй нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе.” хэмээлээ.
Энэ үеэр АШУҮИС-ийн багш Э.Наранцэцэг нийт сувилагч нарт зориулан илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр “Сувилагч нар өдөр тутамдаа хийж гүйцэтгэж байгаа ажлаа судалгаа, нотолгоотой хийх, сувилагч мэргэжлийг эзэмшсэн өөрөөрөө бахархах, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эвтэй байгаарай гэдгийг захимаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.